МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудлыг өөрийн охин компанид шилжүүлсэн, “Улаанбаатар таймс” сониныг хувьчлахдаа хууль бусаар өөрийн охин компанид завшсан, ТВ-9 телевизийг байгуулах замаар хөрөнгө завшсан, ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр анхан болон Нийслэлийн шүүхээс долоон жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Тэгвэл энэ хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхийн байранд болсон юм. Шүүх хурал өглөөний 09:00 цагт эхлэн гурван удаа завсарлаж шийдвэрээ 17:00 цагт гаргав.
Ингээд Н.энхбаярт оногдуулаад байсан ганбөмбөлөг болон ТВ-9 телевизийн хэргийг хэрэгсэхгүй болгов. Нэгэнт хэрэг нь өөрчлөгдсөн болохоор Н.Энхбаярт оноосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т заасан долоон жилийн хорих ялыг өөрчлөн, таван жил зургаан сарын хорих ял болгон өөрчиллөө. Энэхүү өөрчлөгдсөн ялын гурван жил нь Өршөөлийн хуулиар хасагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын экс Ерөнхийлөгч 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлж байна.
Харин Мягмаржаргалын ган бөмбөлөгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч мөрийтэй тоглосных нь төлөө нэг жилийн ял оноолоо.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн дагуу Н.Энхбаяр 2.6 жил, Чулуунбаатар 2.1 жил, Мягмаржаргал нэг жил хорих ялтай боллоо. Харин Дуламсүрэнгийн хэрэг цагаатсан юм.
Шүүхийн хурлын шийдвэр гарсны дараагаар Н.Энхбаярын өмгөөлөгч Ц.Оюунбилэгээс цөөн зүйл тодруулснаа хүргэе.
- Шүүхийн шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна вэ?
- Таамаг бол байсан. Таамаг маань биелэлээ. Уг нь бүхэлдээ хэрэгсэхгүй болох хэрэг гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.
- Цаашид ямар арга хэмээ авах вэ?
- Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл гаргана. "Өргөө" зочид буудал болон "Улаанбаатар таймс" сонины хувьчлалын хэрэгт миний үйлчлүүлэгчийн оролцоо байхгүй. Тиймээс давж заалдана. Өмгөөлөгч бид нарын хувьд зарим хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж таамаглаж байсан нь биелэлээ оллоо.
- Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандсанаар ялыг өөрчлөх боломжтой юу?
- Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Дээд шүүхийн ерөнхий шүүгчид дүгнэлт бичүүлж, нийт шүүгчийн хуралдаанаар оруулах гомдол гаргах эрх үйлчлүүлэгчид болоод өмгөөлөгчид байгаа. Шүүх хэрхэн хүлээн авахыг урьдчилан хэлэх боломжгүй.
- Нийт шүүгчдийн хуралдаанаар хяналтын шүүхийн шийдвэрийг өөрчилсөн тохиолдол байдаг уу?
- Ер нь ховор доо. Ерөнхий шүүгч дүгнэлт бичих үү? Үгүй юу гэдгээс шалтгаална.
Хяналтын шатны энэхүү шийдвэр Н.Энхбаярын хүү Э.Батшугарт ихээхэн хүндээр туссан бололтой балмагдсан байдалтай байв. Энэ үеэр түүнээс цөөн зүйл тодрууллаа.
- Шүүхийн шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна вэ?
- Шүүхийн дүгнэлт ямар нэгэн байдлаар хараат болсон байна. Энэ утгаараа шүүхийн шийдвэр хууль бус гэж харагдаж байна. Ямар ч хамаагүй хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь шүүх шударга шийдэж чадахгүй байна.
Хараат бус, шударга шүүх ардчилсан орны хамгийн гол үндэслэл байдаг. Тийм болохоор та нар, Монголчууд ямар орон, тогтолцоо, нийгэмд амьдарч байгаагаа эргэн харж, дүгнэлт хийгээрэй гэж хэлмээр байна.
- Шүүхийн шийдвэр шударга бус гарсан тохиолдолд аав тань өлсгөлөн зарлана гэж байсан. Одоо өлсгөлөн зарлах уу?
- Би энэ талаар хэлж мэдэхгүй байна.
- Өнөөдөр аавтайгаа уулзсан уу?
- Одоо очоод уулзах гээд үзье.
Тэрбээр ингэж хэлээд гарч явсан юм. Харин шүүхийн гадна хүлээж байсан МАХН-ын гишүүд дэмжигчид эгдүүцлээ илэрхийлэн мөн тарсан.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )