Эрийн цээнд хүрлээ хэмээн хөөрөлхөх
Эрхэм ардчилал Та хаана байна
Эрэмдэг санаалсан зэрлэгүүдээс төөрүүлье гэтэл
Эхлээд би таныг эрээд эрээд олдоггүй ээ
Хамгаалах гээд байгаа тэр ардчиллаа
Хаанаас ер нь хайх вэ?
Цалингаас цалинг хүлээх дундаж айлын тогооноос уу?
Цаг хормоор тэлэх баян хоосны ялгаанаас уу?
Хүндрүүлэхгүй л бол хөдөлдөггүй төрийн түшмэлийн гараас уу?
Хүн чанараа гээчихсэн албан тушаалын донтнуудаас уу?
Мөнгө амалж насаараа тухалсан эрхэм түшээдийн ширээнээс үү?
Мөрөөдлийнхөө оронд нүүрс үүрэх нусгай жаалын шуудайнаас уу?
Өсөөд байгаа эдийн засгийн өгөөжгүй хүснэгт, тооноос уу?
Өргөн хэрэглээний үнийн өсөх заалттай инфляциас уу?
Амлаад амлаад ахидаггүй үсрэнгүй хөгжлийг яах вэ
Ажиллаад ажиллаад дээрддэггүй борог амьжиргааг хэрхэх вэ?
Аваад аваад цаддаггүй авлигач түшмэдүүдийг яалтай вэ
Амьдралаас тасарч хийрхэх “америк” сайдуудыг яах юм бэ?
Хаана байна тэр,
Хамгаалах гээд байгаа ардчилал чинь?
Чөлөөт сэтгүүл зүйн хэвлэн нийтлэх эрх чөлөөний
Чөдөртэй далбааны дор шургалчихсан юм уу?
Үнэнч хөдөлмөрөөр бус үнэгэн залиар хөлжигчдийн
Үнэтэй жийпний азын дугаарт зүүгдээ юү?
Шударга ёсны хоосон тунхаг дор
Шунал нь асах олигархийн халаасанд үүрлээ юү?
Талын монголчуудыг ходоодоор нь дөрөөлөх
Тавхан өрхийн хур хөрөнгөнд дарагдаа юу?
Доодчууддаа халтай монголын хуулийн
Дотор нь нуугдсан хавтаст хэргээс
Доголон нулимстай гуйранч охины
Дороо дэвссэн нимгэн хулдааснаас
Өрөнд баригдсан малчин ардын
Өвөлд харласан хоосон хотноос
Тендэр шалгаруулсан яамны багийн
Тэвэр дүүрэн дэвсгэртийн боодлоос
Амаржихаар ирээд ор хүлээх
Анхны төрөгчийн зутранги царайнаас
Агаараас эхлээд бүгдэд хордсон
Ангаахай үрсийн шаналалт уйлаанаас
Ардчилал чамайг би
Арга тасран хайнам...



Сэтгэгдэл ( 4 )
энэ шүлэгийг хэн гэдэг хүн зохиосон юм болоо..нэрийг н мэдэх юмсандаа...гэж
Гоё шүлэг бштээ :))
Гуниг баяраа хаанаас авсан юм бол ... гээд сайхан шүлэгтэй ш дээ, Би өөрт нь олоон жилийн өмнө энэ шүлгийг нь Нямаа гуйд уншиж өгөхөд Радио дээр ирээд ном аваарай гэж билээ, Дан. Нямаад амжилт хүсье,,, Бас Гавьяат болсонд нь бас баяр хүргэж байна. Яг анирхан шувуу шиг бичдэг шүү, найрагч даа,,, 2-лаа дахиад таарнаа... ААК
Энэ шүлэгийг монголын сүлд дуулал болгоод өглөө болгон радио телевизээр явуулмаар байнаа.Сайд дарга нараааааааааааа а!!!!!!!!!!!!!