Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захирал С.Төмөрхүү, Нийслэл хотын цахилгаан хангамжийн 2012-2013 оны өвлийн их ачааллыг амжилттай давахад авч хэрэгжүүлж буй ажил болон тулгарч буй асуудлуудын талаар товч танилцууллаа. Улаанбаатарын цахилгаан ачаалал 11–р сарын байдлаар 410 мВт ачаалалтай байгаа юм байна. 2012 онд их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаар нийт 38 нэр төрлийн 2.59 тэрбум төгрөгийн ажил хийж, үүний үр дүнд 2011-2012 оны өвөл хэт ачаалагдаж байсан 35 кВ-ын 2 трансформатор, 6(10)кВ-ын 97 дэд станцийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Одоогийн байдлаар 35 кВ-ын 2 дэд станц хэт ачаалалтай, 5 дэд станц их ачаалалтай, 5(10)-ийн дэд станцийн 188 трансформатор 80-аас дээш хувийн ачаалалтай ажиллаж байгаа юм байна. 100 ба түүнээс дээш ачаалалтай 50, 90-100 хувийн ачаалалтай 57, 80-90 хувийн ачаалалтай 81 дэд станц байна гэж танилцууллаа. Одоо нэн яаралтай шийдвэрлэх ёстой 90-ээс 100 хүртэл хувийн ачаалалтай 57 трансформаторт, 400 кВА-ын 10 кВ-ын трансформатор 20 ширхэгийг шинээр авахад 380 сая төгрөг, шугамын утас авахад 195 сая төгрөг нийт 575 сая төгрөг шаардлагатай байна гэв. Харин эдгээр 57 дэд станцийг шинэчлэх асуудлаар салбарын яам ямар нэг байдлаар төсөв шийдээгүй гэлээ. Газар шорооны ажил хийх үед цахилгаан кабелийг гэмтээх явдал их байна. Энэ нь хөрөнгийн болон, зардлын асар их хохирлыг учруулдаг гэдийг ч тэрээр онцлон хэллээ.
Нийслэлийн Засаг дарга, газар шорооны ажил хийх явцдаа цахилгааны кабел утсыг гэмтээсэн этгээдэд хуулийн ямар хариуцлага тооцдог болохыг тодруулахад, бид холбогдох журмын дагуу акт дүгнэлтээ гаргаж, цахилгааны кабель тасарсанаас гарсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлж байна. Гэхдээ зарим үед шүүхийн шийдвэрээр асуудлыг шийдвэрлэх үе ч байдаг гэв. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Захирамж гаргаж, албан даалгавар өгөх үед, цахилгаан, дулааны хүрээнд өвөлжилтөнд бэлэн, шаардлагатай ажлуудыг хийсэн гэж хэлж байсан. Харин ид хүйтний үеэр гэнэтийн зайлшгүй шийдэх асуудлууд гарч ирлээ гэж байгаа нь урдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэг бэлтгэл ажил хийгээгүйг харуулж байна гэж би ойлгож байна. Тиймээс, цаашдаа дулаан болон цахилгаан ханамжийг тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч, урдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ажлуудыг хийх нь чухал гэлээ.
Удирдалгын зөвлөл эдгээр асуудлуудыг хэлэлцээд, гадаа эрс хүйтэрч, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул дулаан цахилгаан, хот нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд өнөөдрөөс эхлэн 2013 оны 3 сар хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргахаар тогтлоо. Мөн, өвлийн ид ачааллын хугацаанд хүн хүч сэлбэг тоног төхөөрөмж, санхүүгийн нөөцийг бүрдүүлж байнгийн бэлэн байдалд байх, зохион байгуулалтын арга хэмжээ авах, болзошгүй аваарь, зогсолт саатлын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулан Улаанбаатар хотын ерөнхий менежерээр батлуулж, мөрдөхийг инженерийн хангамжийн дарга захирал нарт даалгалаа. Зайлшгүй шинэчлэх, өргөтгөх шаардлагатай цахилгааны дэд станцад шаардагдах хөрөнгө оруулалтын нарийвчилсан тооцоог Засгийн газар болон, Эрчим хүчний яам, НИТХ, Нийслэлийн Засаг даргад танилцуулж, шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болголоо. Түүнчлэн цахилгаан дулааныг хууль бусаар зөвшөөрөлгүй хэрэглэж байгаа явдлыг таслан зогсоохыг холбогдох албаныханд санууллаа.Мөн шаардлагатай тохиолдолд бага сургуулийн сурагчдийг ид хүйтэний үеэр амраах асуудлыг судлаж, холбогдох яамтай нь зөвшилцөх хэрэгтэй гээд, энэ асуудлыг судлан шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүд үүрэг болголоо.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )