Ирэх оны 03 дугаар сарын 06-нд Монголд үндэсний сэтгүүлзүй үүсэний түүхт 100 жилийн ой тохионо. Монголын сэтгүүлчдийн эвлэл энэ ойг угтан олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь Монголын сэтгүүлзүйн анхдагчдыг батламжлах арга хэмжээ юм. Өнөөдөр, олон 12 давхацсан онцгой мөчид Монголын хэвлэл мэдээллийн 9 байгууллага анхдагчийн батламжаа гардаж байна. Монголын сэтгүүлчдийн эвлэл нь мэргэжлийн байгууллагын хувьд салбарынхаа анхдагчдыг тодруулан батламжилж, сэтгүүлзүйн түүхэнд мөнхжүүлэх шийдвэрийг МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид анх гаргаж, 2012 оны 03 сарын 06-нд МҮОНТв,МҮОНР, Монцамэ агентлаг, “Өнөөдөр”, “Ардчилал” сонин зэрэг 10 байгууллага анхдагчийн батламжаа гардаж байжээ. Тэгвэл өнөөдөр UBS, Eagle, HD Монгол, ZA tv, Сансар кабель, Оллоо сайт, “Улаанбаатар таймс” сонин, Mongolian Mining Journal сэтгүүл, Өвөрхангайн “Хүлэг” сонин гэсэн хэвлэл мэдээллийн 9 байгууллага анхдагчийн батламжаа гардлаа. Анхдагчдыг батламжлах ажил цаашид үргэлжилнэ. Мөн “Монголын сэтгүүлзүйн хамгийн хамгийн...” номыг МСЭ-ийн захиалгаар МУИС-ын доктор Чойсамба тэргүүтэй баг Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойн өмнө гаргахаар ажиллаж байна. Монголын сэтгүүлзүйн анхдагчид -UBS телевиз- 1992 онд байгуулагдсан. Улаанбаатар хотын анхны телевиз бөгөөд Монголд олон сувгийн өрсөлдөөнийг анх бий болгосон. -“Улаанбаатар таймс” сонин нь олон жилийн турш нийслэл Улаанбаатар хотын цорын ганц сонин байж тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Анх 1929 онд Улаанбаатар хотын мэдээ” нэртэйгээр хэвлэгдсэн. “Улаанбаатарын мэдээ”, “Улаанбаатар” нэрээр гарч байгаад 2003 оноос одоогийн нэрээр гарах болсон. -“Сансар кабель” ХХК нь телевизийн олон сувгийн нэвтрүүлгийн үйлчилгээг 1995 онд Монгол улсдаа анх удаа нэвтрүүлж, мэдээлэл харилцаа холбооны шинэ дэд бүтэц бий болгосон. -Eagle news tv нь Монголд барууны сэтгүүлзүйн хэв маягийг анх удаа оруулж ирсэн, анхны бие даасан мэдээллийн суваг. Одоо хоногт 17 цагийн мэдээ мэдээлэл дамжуулж байна. -olloo.mn сайт нь Монголд цахим мэдээллийн сайтыг анх удаа үүсгэн байгуулж, цахим сэтгүүлзүйн анхдагч болсон. -Mongolian Mining Journal нь уул уурхайн чиглэлээр дагнасан анхны хувийн мэргэшсэн хэвлэл. 2008 оноос хойш гарч байгаа. -“Монгол” телевиз нь Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлсэн, анхны Full HD телевиз. Мөн оюуны өмчийг дээдлэх соёлыг хэвшүүлж, гадаадын кино, нэвтрүүлгийг худалдан авч гаргаж байгаа. -ZA телевиз нь Монголд анх удаа редакцын хараат бус байдлыг хэрэгжүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл. -“Хүлэг” сонин нь 1990 оны 05 сард анхны дугаар нь хэвлэгдсэн орон нутгийн анхны чөлөөт ардчилсан хэвлэл.

Сэтгэгдэл ( 0 )