Эрүүл мэндийн сайдын 375 дугаар тушаалын хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд гэмтэл согог судлал, сэтгэцийн эмгэг судлал, хавдар судлалын мэргэжлээр ажиллах эмч нарыг төрийн санхүүжилтээр, эрчимжүүлсэн сургалтаар бэлтгэх ажлын нээлт өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд болов.
Энэхүү ажлын үр дүнд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дээрх мэргэжлээр тусламж үйлчилгээ явуулдаг болсноор нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ иргэдэд ойртон, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй III шатлалын эмнэлгүүд /ГССҮТ, ХСҮТ, СЭМҮТ/- ийн ачаалал багасан тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна.
Уг сургалтад сэтгэцийн эмгэг судлалын эмч мэргэжлээр 7, хавдар судлалын эмч мэргэжлээр 10, гэмтэл, согог судлалын мэргэжлээр 19 эмч суралцах ба эмч нарыг ГССҮТ, ХСҮТ, СЭМҮТ- үүдэд суралцуулан суралцах хугацаанд нь Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажлын байр, орон тооны асуудлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар шийдвэрлэсэн байх аж.
Түүнчлэн Нийслэлийн яаралтай тусламжийн төв гэмтэл, согог судлалын мэргэжлээр 12 эмч сургаж нийслэлийн иргэдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөх юм байна.
Г.Энхтуяа



Сэтгэгдэл ( 0 )