Сурагчдын амралтыг уртасгажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

 

Хүйтний эрч чангарч, ханиад томууны халдвар ихсэж сурагчдийн ирц тааруу байгаатай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тушаал гаргаж, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгахаар боллоо. Сайдыг ийм тушаал гаргахыг эцэг эхчүүдийн хүсэлт болон замын хальтиргаа гулгаа мөн нөлөөлсөн аж.

Хот, хөдөөгийн сурагчдын амрах хоног нь ижил ч, амралт эхлэх хугацаа нь өөр байхаар зохицуулсан байна. Тодруулбал  нийслэлийн сургуулиудын  сурагчдын амралт хөдөөгийнхөөс эрт эхэлнэ. Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012 оны 12 дугаар сарын 31-нээс таван долоо хоног, дунд ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид 1 дүгээр сарын 21-нээс эхлэн 2 долоо хоног амарна. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013 оны 2 дугаар сарын 4-нөөс эхлнэ.  

Хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 1 дүгээр сарын 28-наас эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 2 дугаар сарын 4-нөөс эхлэн 2 долоо хоног амарна. Хөдөөгийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл “Цагаан сар”-ын баярын дараа 2 дугаар сарын 17-ноос орох юм.

Ингэж амралтыг сунгаснаар хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа болон сурагчдын суралцах нийт цаг хорогдохгүй, багшийн цалин хөлс, амралтын хугацаанд ямар нэг өөрчлөлт гарахгүй аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top