Улс төр амь орж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 07

УИХ-ын чуулган хаалтаа хийж үндэсний их баяр наадмаар улс төрөөс түр ангид байх болов уу гэсэн иргэдийн хүлээлтийг наадмын нээлтэн дээр “Хонхны дуу”-гаа эгшиглүүлж наадах, амрах завгүй улс төржүүлсэн. МАН-ынхан амрахгүй ажиллана гэсэн үг салхинд хийсэж олонх гишүүд нь наадам хэсэж яваа сурагтай байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр нутгаа ирнэ гэсэн ч хойшлогдлоо. Өнгөрсөн сар улс төрийн халуухан үйл явдлуудтай наймдугаар сарын улс төрийн гол гол тоглолтуудын оршил хэсгийг тавьж өгсөн сар байлаа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн сарын сүүлээр эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл албан ба албан бус байдлаар цацагдаж байсан ч хойшлогдсон нь тодорхой боллоо. Шалтгааныг нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба эмч нарын дүгнэлттэй холбон тайлбарлалаа. Өөр нэгэн шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр нь “Империал Гоулд” ХХК-ний 900 метр квадтар талбай бүхий “одоогийн МАХН-ын байрлаж байгаа” газрыг 1,5 сая доллараар худалдаж авах гэрээг байгуулсан ч гэрээний үлдэгдэл 1 сая долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй, АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн "Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан "Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1,2 тэрбум төгрөгийг тус тус залилан авсан байна. Дээрхи үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Дээрх шалтгааны улмаас эх орондоо ирээгүй хэмээн үзэх нэгэн бас байна. МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэвлэлийн бага хурал хийж МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт энэ оны өнгөрсөн сарын 31-ний өдөр Төв аймгийн ШШГА-ны цагдан хорих байранд хоригдон шалгагдаж буй Л.Гансүхтэй уулзсан нь АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалын гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн, хууль зөрчсөн хэмээн үзэж буйг илэрхийллээ. МАН УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа учраас өөрсдийн үүргийг биелүүлж байна хэмээгээд Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа зэрэг хүмүүс хамтран компани байгуулж Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч 1 тонныг 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олсон болохыг АТГ-аас үзсэн гэнэ. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл, 2014 оны 07 сарын 31-ны өдөр гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол улс хуулийн 19.2, Хууль зүйн сайдын 2013 оны 04 сарын 03-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-т заасны зөрчсөн нь Эрүүгийн хуулийн 245.2 заасан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн МАН-ын хэвлэлийн хуралаараа дамжуулан мэдэгдлээ. Эзэн-100 хэмээх хөтөлбөрийг батлаж иргэдэд эдийн засаг багахан ч гэсэн сайжрах итгэл найдвар өвөртлүүлсэн хөтөлбөр дуусахад 11 хоног үлдээд байна. Инфляци өсөж, долларын ханш сансарт нисэж, ард иргэдийн амьдрал өдөр ирэх тусам шал дээр унаж байгааг хүн бүхэн л хэлж байна. МАН-ын эзэн-100 хөтөлбөрийг энэ сарын 18-ны өдөр албан ёсоор үнэлэлт, дүгнэлт хийнэ хэмээн мэдэгдээд байна. МАН УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтийг хүргүүлсэн. Ээлжит бус чуулган хуралдвал төрийн ордонд эзэн-100 хөтөлбөрийг үр дүнгийн талаар халуухан маргаан өрнөж, иргэд хүртэл тус хөтөлбөрийн талаар ам уралдан ярих нь гарцаагүй юм. Төрийн тусгай хамгаалалтын газраас хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, хошууч Ж.Гантөмөр, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Самбаллүндэв нар өчигдөр мэдэгдэл хийж, АТГ-ыг ТЕГ-аар шалгуулах хүсэлт тавьж байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар зөвлөх Л.Гансүхтэй уулзахаар ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь цагдан хорих төвд очих үеэр АТГ-ын алба хаагчид нууцаар бичлэг хийж, нийтэд ил болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон хэмээн тэд мэдэгдсэн юм. Ж.Гантөмөр хошуучийн хэлж буйгаар "Ерөнхий сайд Н.Алтанхуяг тухайн өдөр хууль зөрчсөн үйлдэл хийсэн үгүй нь бидэнд огт хамаагүй. Манай байгууллага хуулийн дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, өндөр хэмжээний гадаадын төлөөлөгчид гээд тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлд хамаарах хүмүүсийг хамгаалах л үүрэгтэй. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлд заасан терийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа. Иймээс бидний зүгээс ТЕГ-т хандаж, АТГ-ыг шалгуулах болсноо албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм. Иргэний хөдөлгөөнүүд хэвлэлийн бага хурал хийж Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулахыг шаардаж байгаа тухайгаа мэдээлэл хийлээ. “Гал үндэстэн холбоо” ТББ-ын тэргүүн Я.Хундаганай, “Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Монгол Улсын хуулийг зөрчин, ял эдэлж буй хүнтэй уулзсан. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 6.9.1-д заасны дагуу УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “Засгийн газрыг огцруулах шаардлагыг дахин УИХ-д хүргүүлнэ. Л.Гансүхийн холбогдсон хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үүрэг оролцоо их байсан нь энэ уулзалтаас харагдаж байна. Иймд түүнийг нэн даруй Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулахыг шаардаж байна” гэв. Монголын улс төр, нийгэмд халуухан үйл явдалууд өрнөсөн шинэ сар ширүүхэн эхэллээ. Найр наадам дуусаж, төрийн ордон хөл хөдөлгөөн орж, нийгэм бүхэлдээ идэвхжиж эхэллээ. Цаашдаа юу юу болж, хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна

Д.Буянбат

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.29) 2025 оны 03 сарын 13

Busdiin ankhaarliig Enkhbayar ruu chigluulekh geed yadchikh yumaa

1  |  0
pkxny(103.23.51.12) 2025 оны 03 сарын 13

Жижиг жижигхэн идсэн уусан алдаан дээр нь дөрөөлөөд манай хамаг сайн улс төрчдийг гадаадынхан зайлуулж дууслаа, Яг л манжууд шиг. Хоорондоо алалцаж албан тушаалын донтон болж үхэх гэж байхын оронд эх орныхоо ирээдүйг бодож эв найртай байгаач. Улс орон маань цаашид яах юм бол доо, зовж л байна шүү.

1  |  0
зочин(202.179.23.253) 2025 оны 03 сарын 13

Энэ нүүрсний мөнгө, утааны мөнгө, г ер нь АН-ын хэд хуваагаад идчихсэн юм биш үү дээ, Гансүх г шалгахаар Алтанхуяг яагаад үхтэлээ сандараад байгаан, Гансүхийг хорьж шалгахаар засгийн газар унана ч гэх шиг үлгэр яриад л энэ АН нам нэг л биш ээ,

1  |  0
Top