Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл спикерийн ширээн дээр очоод буй. Төв банк ирэх оны Үндсэн чиглэлд эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тусгаад байна. Тэгвэл энэ 2018 оны Үндсэн чиглэлийг өнгөрсөн оны сүүлээр өргөн барихдаа юуг голчилж байсныг эргэн саная. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2018 оны Үндсэн чиглэлийг батлахын өмнө хэлэхдээ “Монголбанкны алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх, одоогийн хуримтлагдсан алдагдлыг хугацааны туршид тогтвортой бууруулахын тулд Төв банкны алдагдлыг бууруулах стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагаанаас татгалзах зарчим баримталж, ипотекийн хөтөлбөрөөс бусад төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоож байна.Өнгөрсөн оны сүүлээс авч хэрэгжүүлсэн дунд хугацааны макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүд нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж, эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлж байгааг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд харуулсаар байна. Энэ чухал цаг мөчид бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн идэвхижлийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг том сорилтууд бидний өмнө хүлээгдэж байна. Эдгээр сорилтыг амжилттай даван туулахад төсөв, мөнгөний бодлого харилцан уялдаатай,тогтвортой байх,эдийн засгийн бодлогын тодорхой бус байдлыг арилгах зайлшгүй шаардлага тулгараад байна” гэж байсан.
Тэгвэл Төв банкнаас өргөн барьсан 2019 оны Үндсэн чиглэл эхэнд өгүүлсэнчлэн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэхэд чиглэж байна. Мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтийн сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан байна. Өнгөрсөн 2 жилд манай улсын гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсан. Уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин алгуур сайжирч байна гэж Төв банк үзжээ. Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулах, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд гадаад валютын улсын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай болохыг 2019 оны Үндсэн чиглэл болгож оруулж ирээд байна.
2018 он болоод 2019 оны Үндсэн чиглэлүүдийн агуулгыг харахад эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын төлөөх сорилтуудыг угтсан арга хэмжээнүүд авахад чиглэж байгаа юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 2 )
AZ JARGAL GOE ZALUU VE GEHEER IREHGUI SETGELD L BII
AZ JARGALIIG HUN HAINAD AMARHAN DOTOR BII ZA BI HOGSHIRSON HOINOO AZ JARGALTAI AMIDRANA GEHEER SETGEL DAGAAD L BNA