Азийн хөгжлийн банк 4 дүгээр сард гаргасан тайландаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3.8 хувьтай байна гэж таамаглал дэвшүүлж байсан. Тэгвэл өнөөдөр тус банкны манай улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл 2018 онд хүлээлтийг давлаа” хэмээн мэдэгдлээ. Энэ оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэнээс хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой гэв. Түүнчлэн жил тутмын “Азийн хөгжлийн төлөв 2018” тайлангийхаа шинэчилсэн дугаарт Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө гэсэн таамаглалыг оруулжээ.
Эдийн засаг тэдний таамаглалаас давж өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлийг нүүрсний экспортын өсөлт, хүлээлтийг давсан иргэдийн хэрэглээтэй холбон тайлбарлалаа. Хатагтай Ёланда Фернандез Ломмен байр сууриа илэрхийлэхдээ “Өрхийн зээл олголт эрс нэмэгдсэнээс иргэдийн бодит хэрэглээ таамгийг давсан. Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт чухал үүргийг гүйцэтгэсэн хэвээр байгаагийн зэрэгцээ нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг сайжрахад хүчтэй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Эдийн засаг зарим хүчин зүйлсд мэдрэг хэвээр байх тул Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, ингэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэн, тус улсад хэрэгжиж буй макро эдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид ч үргэлжлэн хэрэгжих тухай ойлголтыг зах зээлд өгөх нь чухал хэмээн үзэж байна. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүргийг гүйцэтгэх болно” гэлээ
Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Тэгвэл хөрөнгө оруулалт ДНБ-ий 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотойгоор хэрэглээ нь ДНБ-ий 3.9 хувийг бүрдүүлж байна. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимжиж импорт өссөн нь нийт импортын өсөлт нийт экспортын өсөлтөөс давж цэвэр экспортын ДНБ-д эзлэх хувийн жин 10.3 хувиар буурахад нөлөөлсөн. Нийлүүлэлтийн хувьд, уул уурхайн салбарын сэргэлт, үйлдвэрлэлийн тэлэлт ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээг 2.1 нэгж хувиар нэмэгдүүлсэн бол үйлчилгээ 3.7 нэгж хувийн өсөлтийг бий болголоо. Зарим газар гантай байснаас малын тоо толгой хорогдсон тул хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн жин 0.5 нэгж хувь болон буурсан гэж Азийн хөгжлийн банк тайландаа оруулжээ.
Оны эхний хагаст нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Импорт 32.7 хувиар буюу экспортын 15.7 хувийн өсөлтөөс илүү эрчимтэй өссөнөөр урсгал дансны алдагдал оны эхний хагаст ДНБ-ий 10.7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдсэн байна. Оны эхний 8 сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.5 хувиар суларсан ч худалдааны жингээр тооцсон болон инфляцийн тохиргоо хийсэн дүнгийн аль алинаар нь худалдааны гол түншүүдийн мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байгааг тодотголоо.
Төв банкны хувьд инфляцийг зорилтот түвшинд барихыг эрмэлзэж буй. Тэгвэл Азийн хөгжлийн банкны судалгаагаар инфляци энэ оны эхний хагасын байдлаар 6.5 хувиар өсөөд буйг зарим газар тохиосон ган буюу байгалийн хүчин зүйлтэй, махны экспортын өсөлттэй холбож байна. Бас нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн гэж дүгнэжээ. Мөн инфляцийн таамгийг доошлуулж буйгаа дараах хүчин зүйлстэй холбож тайлбарлалаа. Юу гэхээр, 2016 оны ханшийн уналтын нөлөө суларч буй, түлшний үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар түлшний онцгой татварыг цуцалсны араас нэмэлт арга хэмжээ авч болзошгүй байгаа тул энэ нь үнийн өсөлтийн түвшнийг дээшлүүлэхгүй байхад чиглэсэн үр дүнг дагуулна гэж харж буй бололтой.
Манай дотоодын нөхцөл байдлын тухайд ам.долларын ханшийн өсөлт, түлш импортлогчдын үнэ нэмэх шаардлага зэрэгтэй холбоотойгоор инфляцид таамаглалаас давсан өсөлт гарах вий гэсэн болгоомжлол дагаж байгаа. Тэгвэл Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч Деклан Магий түлшний зах зээлийн нөхцөл байдал болоод үнийн өсөлтийн хамаарлын талаар байр сууриа илэрхийлэхдээ: “Газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар нэг баррель нь 80 ам.доллар байна. Сүүлийн дөрвөн жилийн өндөр түвшиндээ байгаа. Ханшийн өсөлт үргэлжилсэн тохиолдолд, мөн гадаад нөхцөл байдал тааламжгүй байх юм бол шатахуун импортлогч Монгол Улсад сөрөг нөлөөлж болзошгүй. Гэхдээ төв оффис дахь манай шинжээчид өнөөдрийн энэ төлөв хандлагыг шинжлэн үзсэний үндсэн дээр 2019 оны инфляцийн төлвийг тогтвортой байна гэсэн таамгийг дэвшүүлсэн. Газрын тосны хувьд төсөөлөл таамаг ярвигтай. Үйлдвэрлэл гэхээсээ геостратегийн асуудлаас хамаарч байна. АНУ, Европ гэсэн томоохон хүчнүүдийн яриа хэлэлцээнээс хамаарна. Тэдний хэлэлцээ тохироо хэрхэхээс шалтгаалж газрын тосны үнийн ирээдүйн төлөвт бодитой нөлөө үзүүлэхийг үгүйсгэх аргагүй” гэж байна.
Ямар ч байсан эдийн засгийн өсөлт таамаглалаас нэмж өссөн нь бидний хувьд таатай мэдээ. Тэгвэл ийм өсөлтийн шууд нөлөөгөөр импорт өснө. Мөн уул уурхайн салбарын компаниуд ихэнх ашгаа буцаан хөрөнгө оруулах ч, гадагш гарах урсгал бас чамгүй байхыг умартаж болохгүй. Эдгээр хүчин зүйл нь энэ оны урсгал дансны алдагдал нэмэгдэх магадлалтай гэдгийг Азийн хөгжлийн банкнаас санууллаа.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
hoorhii uurhain heruul