Засгийн газар анх удаа байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлж эхлэхээр болсон тухай засгаас мэдээлэв. Ингэхдээ Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулж, ирэх онд “Ирээдүйн өв сан”-д 553 тэрбум гаруй төгрөг хадгалах гэнэ. Цаашид жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөжээ. Энэ бол манай эдийн засгийн бодит хэмжээтэй харьцуулж харахад том тоо. Тэгэхээр ийм хэмжээний мөнгийг цаашаа хийхийн тулд орлого хийгээд зарлагаа зохицуулах нарийн ухааныг эрх баригчдаас шаардаж таарна.
Гадны улс орнуудын жишээг харахад төсвийн алдагдлын хэмжээ өндөр байгаа орнууд Ирээдүйн өв санг байгуулсан байдаг. Уул уурхайн орлогыг санд хуримтлуулж, 2-4 хувийн хүүтэйгээр гадаад активт хөрөнгө оруулах жишээтэй. Мөн дотоод эдийн засгаа дэмжсэн жишээ ч бий. Аргентины Төрийн тэтгэврийн сан NSES нь Засгийн газартаа бага хүүтэй зээл олгосноор 2013-2014 онд 14 тэрбум гаруй ам.долларын ашигтай ажилласан. Харин Гана улсад эсрэгээрээ тааруу үр дүн гарч байсан. Учир нь сангийн хөрөнгөнд дээд хязгаар тавьсан хуулийн цоорхойг ашиглан газрын тосны орлогоос бүрдсэн тогтворжуулалтын сангаа Засгийн газар нь хуу хамаад хоослож байсан таагүй баримт бий.
Тэгэхээр манай улсын тухайд цаасан дээр бичсэн шигээ хуримтлуулж чадах уу, хийдүүлэхгүй байж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор дагана. Хүний хөгжил сан гэх том нэртэй санг өрийн тулам болгож хувиргаад, дараа нь татан буулгасан жишээ биднийх. Ямартай ч Ирээдүйн өв сангийн хууль төслийн түвшинд л анх яригдаж байхад гадныхан бидэнд зөвлөмж өгч байсан. Төсвийн 6-13 хувьтай тэнцэх орлогоор хуримтлал үүсгэх нь үр ашигтай зүйл мөн эсэхийг анхаарах хэрэгтэй гэж байв.
Сангийн зорилгыг Засгийн газарт зориулан нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийг санхүүжүүлэх тогтвортой хөрөнгийн урсгалыг бий болгох явдал гэж тодорхойлохын зэрэгцээ хуримтлалын эх үүсвэрээ бодитой, тогтвортой тооцохыг сануулдаг.
Э.Болор
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )