Б.Батбаяр: ХЗХ, ББСБ-ууд богино хугацаанд зээл гаргадаг тул манай үйлчилгээтэй уялдаж чаддаггүй

2018 оны 10 сарын 01

Хөрөнгийн зах зээлийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд хувьцаанаас гадна хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болох өрийн хэрэгслийн арилжааг идэвхжүүлэх, өрийн хэрэгсэл гаргах орчныг дэмжих шаардлагатай байгаа. Хөрөнгийн захын багтаамж нэмэгдэж, “хувьцаа” хэрхэн амилдаг болохыг тоон үзүүлэлтүүд харуулсаар байгаа ийм үед, хөгжлийн өөр боломжуудыг ашиглах нь зөв шийдэл. Тэгвэл өнөөдөр /2018.10.01/ Монголын хөрөнгийн бирж болон Зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргах өрийн хэрэгсэл буюу бондод батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох чиглэлээр “санамж бичиг” байгууллаа.

Зах зээлд өрийн хэрэгсэл гаргах нь банкны зээлээс хямдаар санхүүжилт татах, хөрөнгө оруулагчдын хувьд хадгаламжийн хүүгээс өндөр хувиар мөнгөө өсгөх боломжийг олгосноор бүх оролцогчдод харилцан ашигтай гэдгийг талууд онцолж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийн үнийн дүн нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх шаардлага тавигддаг. Хоёр байгууллагын зүгээс өнөөдрийн  санамж бичигт гарын үсэг зурснаар хуулийн холбогдох шаардлагыг хангахгүй байгаа бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангаас олгох батлан даалтын тусламжтайгаар өөрт шаардлагатай санхүүжилтийг бүрэн татах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна.


Санамж бичиг байгуулдаг жишиг манайд цөөнгүй. Тиймээс цаасан дээрх ойлголцлыг бодит ажил хэрэг болгохын тулд шийдэх ёстой асуудал юу вэ гэдгийг Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтайгаас тодруулахад "Эрх зүйн орчны өөрчлөлт шаардагдана. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд хаалттай өрийн хэрэгсэл гаргахад батлан даана гэсэн заалттай байдаг юм байна лээ. Тэгэхээр нээлттэй өрийн бичигт батлан даалт гаргана гэсэн өөрчлөлтийг хуульд оруулснаар манай хөрөнгийн бирж дээр гарч буй аливаа өрийн хэрэгслүүд дээр батлан даалт гаргах боломжууд үүснэ” гэлээ.

“Санамж бичиг”-ийн агуулга, ач холбогдлын талаар Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяраас тодруулахад дараах хариултыг өгөв.

-Танай сан жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлтэй. Тэгэхээр  та бүхний байгуулж буй санамж бичгээс үр ашиг хүртэх хүмүүс тэд байх нь. Эрх зүйн орчны хувьд өөрчлөлт орох шаардлага бас дагаж байна. Та санг хариуцаж буй хүний хувьд энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 онд батлагдсан байдаг. Энэ хуулийн гол зорилго нь Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээгээр дамжуулж банк санхүүгийн зах зээл дээр хүртээмжтэй бүтээгдэхүүнийг бий болгох юм. Өнөөдрийн байдлаар Зээлийн батлан даалтын сан арилжааны банкуудаар дамжуулж жижиг дунд бизнес эрхлэгчдэд батлан даалтын үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хөрөнгийн зах зээл дээр зээлийн батлан даалтын шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажлуулыг хийх юм. Одоо мөрдөгдөж буй хуулиар жижиг дунд бизнес  эрхлэгч нь хаалттай хэлбэрээр өрийн бичиг гаргасан тохиолдолд, банк санхүүгийн байгууллагаар дамжуулан тухайн өрийн бичгийг худалдаж авч байгаа бол  батлан даалт гарганаа гэсэн заалт байдаг. Энэ нь хязгаарлагдмал байгаа учраас харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар ч юм уу, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх тал дээр бид хамтарч ажиллана. Үүгээр дамжаад  жижиг дунд бизнес эрхлэгчид хөрөнгийн зах дээр батлан даалттай өрийн бичиг гаргаж, хөрөнгө босгох боломжтой болно гэсэн үг. Батлан даалтын үйл ажиллагаа бусад улс орнуудад байдаг. Бид ямар ч байсан энэ ондоо шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллана.  

-Зээлийн батлан даалтын санд Хадгаламж зээлийн хоршоодыг хамруулах талаар  яригдаж байна. Тийм шаардлага бий гэдэг дээр талууд ойлголцож байгаа юу?

-Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээг банк санхүүгийн байгууллагуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүргэнэ гэсэн агуулгатай заалт хуульд бий. Энэ хуулийн хүрээнд манайх арилжааны 14 банк,  дөрвөн  Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, нэг Хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-той хамтран ажиллах гэрээтэй. Яг өнөөдрийн нөхцөлд батлан даалтын үйлчилгээг  ХЗХ юм уу, ББСБ-д үзүүлсэн практик байхгүй. Учир шалтгаан нь ХЗХ, ББСБ маш богино хугацаанд зээлээ гаргадаг тул манай бүтээгдэхүүн үйлчилгээнд төдийлөн тохирохгүй, уялдаж чадахгүй байгаа. Үүнийг сайжруулах талаар саяхан СЗХ болон манайх уулзаж ярилцсан.

Шийдэх ямар  боломжууд байна вэ?

-Энэ талаар ярилцаж байгаа.

 

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top