Монголын ШАР НУНТАГ “Восточный”, “Тамань”-д хүрэх үү?

2018 оны 10 сарын 04

Ашиглаж чадвал ач холбогдол нь үлэмж их ураны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд  хууль эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол ураны салбараа хөгжүүлсэн дэлхийн улс орнуудын суурь туршлага. Тэд Олон улсын атомын энергийн агентлагаас  гаргадаг заавар зөвлөмжийг биелүүлэх үүрэг хүлээдэг. Тэгвэл манай улс ураны салбар дахь хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр хангалттай сайн ажиллаж байгаа гэж  “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Э.Галбадрал хоёр жилийн өмнө ярьж байв. “Мон-Атом” бол манай улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологийн эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэж, нөөцийг тогтоох, ашиглах олборлох болон гадаад дотоодын хамтарсан төслүүдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ҮҮРЭГ хүлээсэн компани. Тиймээс ч ураны талаар дуугарсан эдний байр суурийг бат ноттой түвшинд хүлээж авч болох юм. “Мон-Атом” компани НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 орны гуравтай нь Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.  Чех,  Хятад, Францын компаниудтай хамтарсан төслүүдийг эхлүүлсэн.

Ураныг түүхий байдлаар буюу шар нунтгийн түвшинд ашиглах боломж ойрхон бий.Тэгвэл одоогийн нөхцөл байдалд ураны салбарын хөгжил ямархуу дүр зурагтай байгааг сонирхож үзье.

Төслүүдээс ирэх НААШТАЙ  чимээ...

Монгол, Францын хамтарсан төслөөс урагштай мэдээ дуулдаж байна. Үйлдвэрлэлийн туршилтууд явагдаж эхэлжээ. Дорноговь аймагт хэрэгжүүлж буй төслийн туршилттай холбогдуулан төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн есдүгээр сарын  25, 26-ны өдрүүдэд болсон юм байна. Эргэн санахад, 5 жилийн өмнө “Мон-Атом” компани Францын “Арева”, Японы “Мицубиши” корпорацитай  хамтарсан компани байгуулахаар хувьцаа эзэмшигчдийн гэрээ үзэглэж байв. “Арева” компани Дорноговь аймаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордуудыг эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулахаар ажиллаж буй. Эдгээр ордууд нөөцөөрөө дэлхийн 10 том ордуудын жагсаалтад зүй ёсоор бичигддэг. Засгийн газар 2015 онд  “Арева”-гийн охин компани “Кожеговь”-д ашиглалтын лиценз олгосон байдаг. Төрийн энэ шийдвэр  ураны салбарыг урагшлуулах ач холбогдолтойг албаныхан тодотгодог. “Арева” компанийн хэрэгжүүлж буй  Зөөвч-Овоо пилот үйлдвэрлэлийн туршилт амжилттай явагдаж байгаа аж.

Манай улсын хэмжээнд ураны 11 орд бүртгэгдсэн. Тэдгээр  ордыг ашиглах чиглэлээр Орос, Хятад, Чех, Франц, Япон, Канад зэрэг улс орнуудтай ямар нэг байдлаар хамтын ажиллагаа эхлүүлсэн байдаг. Зарим нь үргэлжилж буй бол  олигтой урагшлаагүй дүр зурагтай нь ч бий. Тэгвэл Чех  улстай  хамтран ажиллахаар 6 жилийн өмнө тохиролцсон тохироо ямар ахицтай байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя. Монгол, Чехийн хамтарсан "Мон-Чех Ураниум” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг 2015 онд албан ёсоор байгуулсан юм. “Мон-Атом” болон Канадын “Денисон Майнс”-ын хувь нийлүүлсэн “Гурвансайхан” компанийг  “Ураниум индастри” худалдан авсан байдаг. Улмаар “Мон-Атом” компанитай шинээр хамтарсан компани байгуулж байв. Хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөц нь тогтоосон ордын  51-ээс доошгүй хувийг төр эзэмших, хувийн хэвшил нөөцийг тогтоосон бол 34-өөс доошгүй хувийг эзэмшинэ гэсэн заалттай. Энэ зарчим "Мон-Чех Ураниум” ХХК-д мөрдөгдөх учиртай. Өнгөрсөн жилүүдэд хайгуулын үйл ажиллагаа явагдсан. Засгийн  газар 51 хувийг нь эзэмшиж буй. Чех бол ураны салбарт туршлага арвин. Тиймээс ч том уурхайг ураны салбарт нээх зорилттой хамтарсан компани байгуулжээ. Чехийн тал геологи хайгуулын зардлыг 100 хувь хариуцахаар тохирсон байдаг. Өнөөдрийн тухайд үйл ажиллагааны том ахиц бол харагдаагүй байна.


Өөр бусад улс орнуудын хамтарсан төслийн тухайд Хятадын CNNC компанитай Гурванбулагийн ордын төслийг манай тал хамтран хэрэгжүүлж байгаа. Гурванбулагийн ордыг 2004 онд Канадын “Western Prospector” компани эзэмшиж байв. Харин Хятадын төрийн өмчит  “CNNC” компани “Western Prospector”-ыг 2009 онд худалдаж авснаар, орд газар тэднийх болсон түүхтэй. 10-15 мянган тонны нөөц анх яригдаж байсан өдгөө энэ хэмжээ өссөн гэх мэдээлэл бий.  “CNNC”  компани төслийн байгаль орчны үнэлгээ, техникийн судалгаа, барилгын зураг төслийн ажлыг хэдийнэ гүйцэтгэчихсэн байх ёстой.

Дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх нөөц

Манай улсын тухайд  140 мянга гаруй тонн ураны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталж, ОУАЭА дээр бүртгэсэн байдаг. Энэ бол Монгол улс дэлхийн 200 гаруй улсаас эхний 10-т бичигдэх хэмжээний нөөц. Дахин нэмэгдэх боломж бийг мэргэжилтнүүд хэлдэг. Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухайд эргэлзсэн хандлага нийгмийн зүгээс үе үе давалгаалдаг болохыг хэлэх нь зөв байх. Ямартай ч Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт ураны салбарыг эргэлтэд оруулах, шар нунтаг олборлох тухай зорилт бий. Тэгвэл шар нунтагийн  зах зээл хаана байгаа вэ гэдэгт анхаарч харахад эргэлзээгүй гуравдагч зах зээлд хамаарах орнууд нэрлэгдэнэ. Харин тийшээ хүрэх зам нь Алс дорнодын  “Восточный” боомт, Хар тэнгисийн эрэг дээрх Тамань боомт байж болохыг үгүйсгэх аргагүй.Тавантолгойн ордоос  5279 км-т байрлах “Восточный” болон 8 мянган км-т байрлах Тамань руу Монголын нүүрс гэхээсээ ШАР НУНТАГ хүрэх магадлал илүү өндөр харагдаж буй юм.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(162.158.178.111) 2018 оны 10 сарын 04

Монголын баялагт шүлсээ үсэргэсэн бисвэр .

0  |  0
T(103.57.95.235) 2018 оны 10 сарын 04

Монгол Улс шар нунтгаас болж Оюу толгойгоос их өрөнд орно шүү!!!

0  |  0
Album(139.5.219.137) 2018 оны 10 сарын 04

ХАХА тээр нэг жил ОТолгойг ингэж тэнгэрт тултал магтаад түүнээс хойш 8 жилийн хугацаанд Монгол улс хөрөнгө оруулалт буюу зээл нэрээр 28 тэрбум долларын өрөнд орж, 8 жилийн хугацаанд жил бүр 1 тэрбум долларын хүү төлсөн нь юмдаг.

0  |  0
z(66.181.176.16) 2018 оны 10 сарын 04

medehgui

0  |  0
Top