Дэлхийн банк манай эдийн засгийг оны төгсгөлд УРУУДУУЛЖ, ирэх онд ӨСГӨЖ тооцлоо

2018 оны 10 сарын 04

Энэ оны хагас жилд 6.3 хувийн өсөлттэй яваа манай эдийн засгийг оны төгсгөлд 5.9 хувийн өсөлттэй байна гэж  Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн шинэ тайланд онцолсноо өнөөдөр дуулгалаа. Хагас жилийн байдлаарх эдийн засгийн өсөлтийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тогтвортой байдал, гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт, бизнесийн үйл ажиллагааны идэвхжилтэй холбон тайлбарлаж байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт нааштай дүр зургууд харагдаж буй. Тухайлбал, төсвийн нөхцөл байдал сайжирсныг онцолсон. Нүүрс, зэсийн экспортын гүйцэтгэл төсөөлснөөс эерэг байсны зэрэгцээ гүйцэтгэл муутай улсын хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх зэргээр зарлагад хяналт тавьж ажилласан зэрэг хүчин зүйлүүд  төсвийн үзүүлэлт нааштай гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жижиг эдийн засгуудын хувьд өсөлтийн төлөв эерэг сайн байж, 2018-2020 онуудад 6-аас доошгүй хувьтай байх тооцоолол хийгдсэний дотор манай Монгол Улсыг багтааж харжээ. Манай улсын эдийн засгийн өсөлтийн төлөв цаашид  сайжирч, 2018 онд 5.9 хувь, ирэх  2019 онд 6.6 хувьд хүрэхээр байна гэж мэдэгдлээ.  Энэ нь хувийн хэрэглээ тогтвортой өсч, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбар  дахь хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотой. Гэхдээ  богино болон дунд хугацаанд үүсч болзошгүй эрсдэлүүд болох улс төрийн тодорхойгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, бүтээгдэхүүн экспортлох явцад хил дээр учирч буй саад тотгорууд болон мөнгө угаахтай холбоотой асуудлуудыг гүйцэд шийдвэрлээгүй зэргийг цаашид анхаарах хэрэгтэй гэж сануулсан юм. Улстөрийн эрсдэл гэдгийг  2020 оны сонгуультай холбон харж буй бол дэлхийн тэргүүлэгч улс орнуудын худалдааны маргаан, таагүй харилцаанаас үүдэлтэй хоригууд зэрэг нөлөөлж болох олон хүчин зүйлийн улмаас түүхий эдийн зах зээлд хөдөлгөөн гарахыг тооцох хэрэгтэй гэж байна.


 Мөнгө угаахтай холбоотой асуудлын тухайд FATF буюу Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын  хуралдаанаас манайхыг “СААРАЛ ЖАГСААЛТ”-д оруулах эсэхийг хэлэлцэх хугацааг дахин 12 сараар сунгасан юм. Энэ нь манайд эрсдэл байна, сайжруулах зүйлс байна гэдгийг сануулсан шийдвэр. Тэгвэл үүнийг Дэлхийн банк тайландаа онцолжээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудад зориулан ШИНЭЭР  үүсэн бий болж буй эрсдэлийн эсрэг ямар арга хэмжээнүүд авч болохыг дараах байдлаар тодорхойлжээ.

-Богино хугацаанд үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх бодлогын арга хэмжээ авах ёстой гэж байна. Угтуулан хэрэгжүүлэх макро зохистой бодлогууд нь санхүүгийн салбарын эмзэг байдлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийн савлагаат байдлыг намжаах, ханшийн хөдөлгөөнд мэдрэг байгааг зөв удирдах зэрэг боломжийг олгоно гэж зөвлөлөө. Ханшийн уян хатан байдал гадаад шокийг шингээн авах, түүнд дасан зохицох чадварыг сайжруулж болно. Төсвийн чанга бодлого нь ирээдүйд учирч болзошгүй хүндрэл бэрхшээлийг өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүйгээр амжилттай даван туулах дархлааг хадгалах, эсвэл нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж байгаа юм.

-Худалдаа, хөрөнгө оруулалтын тогтолцоог бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэх замаар үргэлжлүүлэн дэмжих нь хөгжиж буй орнуудын хөгжилд тустай. Нэн тааламжтай нөхцлөөр хийгдэх худалдааны гэрээ тохиролцоог бататгах,  тарифын бус саад тотгорыг багасгах явдал нь бүс нутгийн улс орнуудад ач тустай байж болох юм. Хоёр талт яриа хэлэлцээг идэвхжүүлэх, аль эсхүл Дэлхийн худалдааны байгууллагаар дамжуулан худалдааны сөргөлдөөн хурцдах эрсдэлээс сэргийлж болно гэж Дэлхийн банк үзлээ.

Мөн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, энэ хүрээнд гол гол салбаруудаа либералчлах, бизнесийн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, гадаад дотоод аж ахуй нэгж байгууллагуудын эдийн засаг дахь оролцоог тэгш хангаснаар нөөцийн гаж хуваарилалтыг хязгаарлах, ажлын байрыг олноор бий болгоход эерэгээр нөлөөлнө гэж байна.

Зорилтот бүлэгт чиглэгдсэн нийгмийн халамж, төсвийн тогтвортой байдлыг хангах нийгмийн даатгалын тогтолцоо, жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, боловсролын чанар хүртээмжийн ялгаатай байдлыг арилгах үүднээс алслагдмал сургуулиудын хангамжийг сайжруулах зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн аюулгүй байдал, идэвхжилийг дэмжихийг мөн санууллаа.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top