Закерберг бүхэл бүтэн гүрэн удирдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Ромын эзэн хаан Августын шүтэн бишрэгч, Facebook компанийн үндэслэгч, гүйцэтгэх захирал Марк Закербергийн орчин цагийн эзэнт гүрэн улам бүр хүрээгээ тэлсээр. Түүний 2.2 тэрбум “албаттай” эзэн гүрэнд зөвхөн Хятад л эзлэгдээгүй үлджээ. Эзэн хааны нэгэн адил Закерберг муу мэдээг үл тоомсорлоно. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хэд хэдэн тийм мэдээлэл тархлаа. Есдүгээр сарын 25-нд Инстаграмын үндэслэгчид болох Кевин Систром, Майк Кригер нар Facebook-ээс гарахаа мэдэгдсэн билээ. Маргааш нь буюу 26-ны өдөр WhatsApp-ын үндэслэгч Брайн Эктон хэрэглэгчдийнхээ нууц мэдээллийг ихээхэн хэмжээний ашгийн төлөө худалдсандаа харамсч буйгаа илэрхийлсэн юм. WhatsApp-ыг хамтран үндэслэсэн Ян Коумын хамтаар тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн л Facebook-ийг орхин явсан. Тун саяхан тус компанитай холбоотой бас нэгэн хэрэг шуугиан тарьсан. Европын холбооны хувийн нууцыг хамгаалах байгууллага 50 сая Facebook хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдсан Facebook компанид 1.63 тэрбум ам.долларын торгууль ногдуулж болзошгүй байна.

The Wall Street сэтгүүлд бичсэнээр Ирландын мэдээллийн санг хамгаалах комисс ЕХ-ны шинээр батлагдсан хувийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, өнгөрсөн есдүгээр сарын 28-нд ил болсон хувийн мэдээлэл хакердсан хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Facebook компаниас шаарджээ. 2018 оны тавдугаар сард хүчин төгөлдөр болсон, ЕХ-ны гишүүн улс орны иргэдийн хувийн нууцыг хамгаалах зорилготой энэхүү шинэ хуулинд хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалж чадаагүй компанийг 20 сая евро эсвэл тухайн компанийн өмнөх жилийн орлогын 4 хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр торгох заалтыг тусгажээ. Ингэхдээ аль өндөр дүнгээр нь торгохоор хуульчилсан аж. Facebook компанийн хэргийн хувьд энэ нь 1.63 тэрбум ам.доллар болж байгаа бөгөөд энэ хэргээс өмнө тус компани хэрэглэгчдийнхээ хувийн нууцыг хамгаалах тал дээр шаардлагатай арга хэмжээ авсан эсэх асуудал дээр гол нь анхаарлаа хандуулж байна.

Хуулийн дагуу тухайн компани мэдээлэл алдсанаас хойш 3 хоногийн дотор мэдэгдсэн тохиолдолд жилийн орлогын 2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар заасан. Хэдийгээр Facebook дээрх хэргийн талаар заасан хугацаанд мэдээлсэн ч, шаардлагатай нарийн мэдээлэл өгөөгүй аж. Өнгөрсөн есдүгээр сарын 28-ны Баасан гарагт Facebook компани 50 сая хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хакердуулсан тухай олон нийтэд мэдэгдсэн бөгөөд хакерчид Tinder, Spotify, Airbnb, Instagram зэрэг аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нэвтэрсэн байна.

Энэхүү халдлагийн ард хэн байгаа, хэн нэгэн тодорхой хүмүүсийг онилж хакердсан эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг болон үйл ажиллагаа хариуцсан захирал Шэрил Сэндберг нарын өөрсдийнх нь мэдээлэлд халдсан нь тодорхой болсон билээ.

Зөвхөн эдгээр хэрэг л бусад энгийн компанид тохиолдсон бол компанийг ганхуулахад хангалттай билээ. Гэвч Facebook-ийн хувьд харин ч эсрэгээр, Закерберг өөрийнхөө асар том компанид хатуу хяналт тавьдаг гэсэн ойлголтыг улам л батжуулж, тус компанийн дотоод бодлогод хэн ч үл нөлөөлж чадахыг харууллаа.

Яагаад Закерберг улам хүчирхжиж байна вэ?  Яагаад гэвэл Закерберг Хятадгүй дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээг хянадаг. Сүлжээ нь улам бүр хяналтаас гарч, хариуцлага нь суларсаар. Instagram нэг тэрбум хэрэглэгчидтэй бол WhatsApp 1.5 тэрбум гаруй хэрэглэгчидтэй. Энэ хоёрын зарим үйлчилгээ давхцдаг бөгөөд хоосон оройн зайд нь харин Facebook ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Америк залуус Facebook-ээс залхан Instagram-руу шуурч байхад, хөгжиж буй орны Instagram-гүй хэрэглэгчид WhatsApp-д ухаанаа алдана. Facebook одоогоор WhatsApp-ын хэрэглэгчдэд сурталчилгаагаа хэрхэн хүргэх талаар бодож байгаа ч мөнгө босгох тал дээр аль хэдийнээ жижиг алхамуудыг хийж эхэлжээ. Нэгэнт эхэлсэн бол, хэзээ ч дуусдаггүй гэдгийг тус компаний түүх харин гэрчилнэ.

Facebook булчингаа чангалахад, нийгмийн бусад сүлжээ хохирол амсдаг нь нууц биш. 2011 онд Facebook Google-ийн Google+ сүлжээг анх боомилж, 2016 онд Систромын бүтээл Snapchat-ыг үгүй хийсэн. Twitter видео үйлчилгээг нэвтрүүлэхээр чармайж байх үед Facebook, Instagram хоёр аль хэдийн амжуулсан байв.

Facebook, Google хоёр цахим сурталчилгааны зах зээлд давамгайлсан хэвээр. АНУ-ийн энэ зах зээлийн 58 хувийг энэ хоёр компани л эзэмшиж байна.

Гэтэл Google монополийн эсрэг хуулиар ихээхэн хэмжээний торгууль төлж байхад, нийгмийн сүлжээний хувьд энэхүү хууль хүчин мөхөсдөнө. Учир нь үйлчилгээ нь үнэ төлбөргүй.

Хэрэв Apple 2011 онд яригдаж байсан шиг Instagram-ыг, Google WhatsApp-ыг худалдаж авсан бол дэлхий ямар байх байсан бол гэж төсөөлбөл сонирхолтой дүр зураг харагдана. Instagram-ыг зөвхөн iPhone хэрэглэгчид ашиглах тул тоо нь арай бага байх байсан бол харин Snapchat, Twitter хэлэглэгчдийнхээ тоогоор дээгүүр байх байсан. WhatsApp-ыг зөвхөн андройд утасны хэрэглэгчид ашиглаж, харин Facebook компани өнөөгийнх шигээ томрохгүй байсан байх.

Бидэнд ашигтай байх байсан уу? Магадгүй. Технологийн аюул хэт их эрх мэдлийг төвлөрүүлдэгт оршдог. Гэвч дээрх зүйлс зөвхөн төсөөлөл юм. Харин өнөөдөр интернет эзэн хаантай болжээ.

Эх сурвалж: The Guardian

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top