Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын дарга О.Гэрэлт-Одын ярилцлагыг хүргэж байна.
-Та Цагаан сарын өмнө сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэсний, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг худалдан авч Эх оронч худалдаа хийхийг уриалсан. Ямар үр дүн гарав? Тухайлбал, танай дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдаалдаг дэлгүүр хэр орлоготой байв?
-Ер нь Монголчууд нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, эх оронч худалдан авалт хийдэг болжээ. Зөвхөн манай дэлгүүр гэлтгүй ер нь л хүмүүс үндэсний бүтээгдэхүүний худалдан авах хандлагатай болж байна. Миний найз нөхөд хамаатнууд, эргэн тойрныхон бүгд л эх орныхоо үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авч цагаан сарын бэлэг болгож байсан шүү. Наад зах нь Эрээний гэгдэх бүтээгдэхүүний авч, гарын бэлэг болгохоо больсон байна. Өмнө нь дотоодын бүтээгдэхүүний үнэ өндөр, чанар муу байна гэсэн шүүмжлэл байсан бол худалдан авалт нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгчид маань үнэ, чанартаа анхаарч байна, өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр ур чадвараа сайжруулж, үнээ бууруулж байна. Засгийн газраас ч анхаарч энэ жилийг Үндэсний худалдан авалтыг дэмжих жил болгосон. Одоо бид цаашдаа илүү их хичээж, бүтээгдэхүүн, ур чадвараа улам сайжруулах, хамтарсан байдлаар үйл ажиллагаага нэгтгэн явуулах гэх мэт хийх ажил их байна. Цагаан сарын хувьд хаа, хаанаа хичээж ажилласны үр бүтээл өндөр сайхан байлаа.
-Магадгүй үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн орлоготой үе нь Цагаан сар байх?
-Үндэсний хувцас үйлдвэрлэгчдийн хувьд Цагаан сар, наадам хамгийн оргил үе. Харин бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд одоо жинхэнэ сезон эхэлнэ. Түүнээс гадна Монголын онцлог болсон жамц давс, хонины сүүл, модны нүүрстэй саван гээд олон төрлийн өвөрмөц давтагдашгүй бүтээгдэхүүнүүд бий. Тухайлбал, тун удахгүй манай дүүргийнхэн төрөл бүрийн ургамалтай дэр, жамц давс, хонины сүүл, модны нүүрстэй саван, халгайтай бүтээгдэхүүнүүд гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гэж байна.
-Зарим хүмүүст үндэсний үйлдвэрлэл гэхээр монгол дээл, эсгий таавчиг, гар урлалын бүтээгдэхүүн санаанд ордог. Харин одоо экспортод гаргах хэмжээнд өөр төвшинд хүрч чадаж байна гэж та бодож байна уу?
-Тийм ээ, энэ ойлголт өөрчлөгдөж байгаа. Зөвхөн манай дүүргийн дэлгүүрт гэхэд 200 үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэрлэлийн 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнүүдийнхээ нэр төрлийг олшруулж байна, шинэ, шинэ зүйл санаачилж байна. Боломжоороо зээл аваад тоног төхөөрөмжөө сайжруулж байна. Хүмүүсийн ойлголт өөрчлөгдөж, шинэ шатанд гарч байна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэл зөв хөгжих, хөгжлийн шинэ шатандаа ирээд байна.
-Уучлаарай, сүүлийн үед ЖДҮ гэхээр шал өөр зүйл санаанд буудаг, ЖДҮ-чин гэхээр бараг луйварчин гэж сонсогдох болоод байх шиг. Эрх мэдэлтэй хүмүүс жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих хөрөнгийг зүй бусаар өөрсдөө авснаас болж, иргэд олон нийт ч маш бухимдалтай байна. Бор зүрхээрээ үйлдвэрлэл эрхэлж яваа хүмүүсээ дэмжих боломжийг улстөрчид булааж авлаа гэж. Яг жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх гээд, дунд нь зовлон жаргалыг нь мэдрээд ажиллаж байгаа хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?
-Мэдээж, энэ мөнгийг яг зориулалтын дагуу хэрэглэсэн бол маш том боломж, дэмжлэг болох байсан. Муу зүйлд сайн тал байж болдог гэдэгчлэн би бол сайн талаас нь ийм дэмжлэг үзүүлэх сан байдаг юм шүү, ийм боломжууд байдаг гэдгийг хүн болгон ойлголоо, харлаа, харьцангуй мэдээлэлтэй болж чадлаа гэж олзуурхаж байгаа. ЖДҮ гэдэг нэр танил боллоо. Харамсалтай нь муу хандлага бий болгочихлоо. Харин бид энэ ойлголтыг өөрчилж, жинхэнэ ЖДҮ-чид юу хийж, ямар их зүйл бүтээж байгаа, цаашид бүтээх боломж байгаа гэдгийг ойлгуулахын төлөө ажиллах болно. Өөрөөр хэлбэл ЖДҮ гэдгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, энэ үгийг хамгийн сайхан сонсголонтой, бүтээлч нэр болгохын төлөө хичээн ажиллах болно.
-Нээрээ л харамсалтай нь, ЖДҮ гэдгийг бараг луйварчин гэж ойлгохоор байдал газар авчихлаа?
-Манай ЖДҮ-гийнхэн бол шоргоолж шиг л хөдөлмөрч хүмүүс. Тэд хөдөлмөрлөж, баялгийг бий болгож, бүтээж байдаг. Нэг үе уул уурхай улс орныг авч явж байна гэдэг байсан бол манай ЖДҮ-чид шинэ төвшинд гарсан, дундаж давхаргаа бүтээж явна. ЖДҮ-чид маань дотоодынхоо хэрэгцээг хангаж чадах хэмжээнд өсч байна. Би дээр хэлсэн тоног төхөөрөмж, ур чадвараа сайжруулж байна. Одоо экспортод бүтээгдэхүүнээ гаргах чухал байна.
-Шоргоолж гэснээс шоргоолж өөрөөсөө хэд дахин том ачааг үүрч явдаг. Магадгүй ЖДҮ-чид маань ч зээл авч, өөрсдөө чадлаараа хөдөлмөрлөж, магадгүй өөрсдөдөө хэтийдсэн ачааг үүрч явах шиг. Одоо тэдэнд ямар тусламж хэрэгтэй вэ? Тухайлбал экспортод бүтээгдэхүүнээ гаргах чиглэлээр?
-Жижиг дунд үйлдвэрлэгчид гол төлөв бага хүчээр ажилладаг, тоног төхөөрөмжөө авахад зээл олддоггүй гэх мэт олон бэрхшээл бий. Ур чадвараа сайжруулах, бүтээгдэхүүний баглаа савлагаанаас эхлээд асуудлууд бий. Ихэнх өрхийн үйлдвэрлэгчид гэртээ, эсвэл байрны подвальд ч юм уу ажлаа хийдэг, цагт баригддаггүй. Нөгөө талаасаа зөвхөн хэрэгцээгээ дөнгөн данган болгохоос томрох өргөжих тал дээр муу гэх мэт асуудлууд бий. Тиймээс үйлдвэрлэгчид хамтарч үйл ажиллагаагаа явуулах, хандлагаа өөрчлөх, сургалт явуулж, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх шаардлагатай байгаа. Нөгөө талаас экспортод бүтээгдэхүүн гаргалаа гэхэд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа чухал. Жишээлбэл, Японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргалаа гэхэд тэдний зөвлөх үйлчилгээ, борлуулалт маркетингийн албатай хамтран, тэдэнд зориулсан загварын дагуу, тусгай баглаа боодолтой их хэмжээгээр үйлдвэрлэх гэх мэтчилэн дэвшил хэрэгтэй байна л даа. Бид байнга хөгжиж байх ёстой. ЖДҮ-чид маань тийм боломж хомс учраас бас тусламж, нэгдсэн удирдлага зөвлөгөө шаардлагатай байна. Япон гэхэд 100 гаруй сая хүнтэй зах зээл. Тав, арван мянгаар бүтээгдэхүүн нийлүүлээд амжилт олохгүй. Бараагаа их хэмжээгээр тасралтгүй нийлүүлэх ёстой. Гэтэл хэдэн зуун мянгаар үйлдвэрлэх боломж манай ЖДҮ-чдэд тааруу.
-Тийм ээ, жишбээлбэл, Хятад хэдэн зуун хүний чадлаар барааг маш олон тоогоор, дамжлага маягаар үйлдвэрлэж байж, үнэ нь хямд гардаг. Харин манайд бол тийм боломж хомс?
-Мэдээж хятад бараа хямдхан. Түүнд нь болж манайхан хошуурдаг. Гэхдээ тэр бүхэн Монголчуудад хэр тохирох вэ гэдэг нь чухал. Солонгосын гоо сайхны бараа л гэдэг. Гэтэл зөөлөн дулаан уур амьсгалтай газрын тэр бараа эх газрын эрс тэрс уур амьсгалтай, хүнд тослог хоол хэрэглэдэг монголчуудад хэр тохирох билээ. Харин түүний оронд манай чацарганатай, халгайтай, сүүлний тос, адууны махтай бүтээгдэхүүн бол үнэхээр давтагдашгүй. Гадныхан манай бүтээгдэхүүнийг өвөрмөц онцлоготой, эко гэдгээр нь сонирхдог. Гэхдээ үүнийг үйлдвэрлэлийн шинэ төвшинд гаргах нь чухал байна, яг одоогоор. Дээр өгүүлсэн олноор үйлдвэрлэхэд хүчин чадал дутдаг, сав баглаа боодол дутагдалтай тал их байгаа учраас жижиг компаниуд экспортод гаргаж чадахгүй байна. Тийм болохоор жижиг үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн цогцолбор ажиллагаа шаардлагатай. Нэгдсэн загвар удирдлагаар шат дамжлагаар, цамцаар бол нэг нь эсгүүр хийж байхад дараагийн дамжлагад нэг хэсэг нь захыг нь, нөгөө нь ханцуйг нь гэх мэтчилэн хийж байж зардал багасна. Ингэж байж том захиалгуудыг авч хийж чаддаг болно. Ийм нэгдэл чухал байна Жишээлбэл, “Борголжин” брэнд өөрсдөө загвараа гаргаад манай дүүргийн оёдолчдоор бүтээгдэхүүнээ оёулдаг. Ингэснээр цаг ч хэмнэж, Азийн зах зээлд ч гаргах боломжтой болж байгаа юм л даа.
-ЖДҮ-чид маань өсч, өргөжиж бүтээгдэхүүнээ сайжруулахад хөрөнгө дутдаг. Тиймээс улстөрчдөд олгосон мөнгийг, тухайлбал, нэг гишүүнд олгосон 950 сая төгрөгийг нэг дүүрэгт, тухайлбал танайх шиг байгууллагад хариуцуулаад ЖДҮ-чдээ нэгдсэн зохион байгуулалтад оруулсан бол гэсэн харамсал төрж байна. Дүүрэг бүрт ЖДҮ-г дэмжих газар байдаг. Эднээр энэ зээл дамждаггүй юм уу?
-Үгүй. ХХААХҮЯ-ны дэргэдэх сан шүү дээ. Харин одоо ямар байдлаар зээл олгогдох нь зохистой вэ гэх мэт асуудлууд яригдаж эхэлж байна.
-Зарим улстөрчид авсан зээлээ буцааж төлж байгаа. Тухайлбал тэндээс дүүргүүдэд олгогдох сураг байна уу?
-Одоохондоо үгүй. Дүүрэг бол анхан шатны байгууллага. Тийм учраас бид бас хүсэлт гаргаад боломжуудыг илэрхийлээд л явж байна.
-ЖДҮДСангаас зээл авсан улстөрчдөд хариуцлага тооцох жагсаал болж маш олон мянган хүн цугласан. Тэмцэл гэхээсээ илүү та бүхэн дүүрэг, анхан шатны нэгжүүд, яг хийж бүтээж байгаа хүмүүстээ энэ зээлээсээ, ядахдаа 10 хувийг нь ч юм уу олгооч ээ гэсэн шаардлага тавибал олон нийтийн дэмжлэгийг их авч болох биш үү?
-Тэмцэл гэхээсээ хөгжих, гарц боломжоо олох нь чухал. Яг тэд эдэн хувь гэхээсээ илүү, ямар гарц боломж байж болохыг ярилцаж байна л даа. Тухайлбал, зэрэглэл тогтоож болох юм. 1-100 сая төгрөгний зээлийг анхан шатны нэгжүүдээр дамжуулж олгоё гэдэг ч юм уу. Манайд хандсан хүмүүс ихэнх нь 1-20 сая төгрөгний зээл хүссэн байдаг. Одоогоор 600 гаруй хүсэлт ирүүлснээс 250 орчим 1-20 сая төгрөг хүссэн байна.
-Дүүргийнхэн бол хаана хэн ямар үйлдвэрлэл явуулж байгаа, ямархуу орлоготой гэдгийг бүгдийг мэддэг байх. Тэгэхээр анхан шатны нэгжүүдийн санал, оролцоо чухал байх?
-Тийм. Аж ахуйн нэгжүүд өрхийн үйлдвэрлэгчдээ сайн мэддэг учраас эргэн төлөлт ч найдвартай эсэхийг сайн мэднэ. Дээр нь бид үйлдвэрлэгчдээ чадавхижуулахын тулд сургалт явуулдаг. Тэгэхээр ядахдаа зээл олгохын тулд зээлийн боловсрол, компанийн засаглалын сургалтад хамрагдсан эсэх гэх мэт дүүргийн анхан шатны байгууллагын саналыг харгалздаг байвал сайн. Нөгөө талаасаа мөн бид өөр боломжуудыг ч эрэлхийлж байна. Тухайлбал, жижиг, өрхийн үйлдвэрлэгчид гол төлөв барьцаа хөрөнгөгүй. Тиймээс 20 хүртэл сая төгрөгийг үйл ажиллагааг нь харгалзан, Нийгмийн даатгал төлөгчийн баталгаатайгаар олгодог байх, зээлийн зарцуулалтыг илүү үр дүнтэй болгохын тулд бэлэн мөнгө олгох бус, яг тэр тоног төхөөрөмж, түүхий эд худалдан авч байгаа компанид нь нэхэмжлэхийг нь үндэслэн олгодог байх гэхмэтчилэн санал боловсруулж л байна. Бас нэг чухал зүйл нь зээлийн мэдээлэл ил тод байх. Ямар компани аж ахуйн нэгж ямар зээл хүссэн, зөвшөөрөгдсөн эсэх. Зөвшөөрөгдөөгүй бол ямар шалгуур, заалтыг хангаагүй гэх мэт хэн ч харсан ил тод байх ёстой. Энэ мэт асуудлуудыг тусгаж цэгцэлж чадвал зээл эзэндээ хүрч, үр дүнтэй байж, цаашилбал эргэн төлөлт баталгаатай болох ёстой гэж би бодож байгаа.
-Одоо зээлийн нөхцөл ямар байдлаар өөрчлөгдөх гэж байна, та ямар мэдээлэлтэй байна?
-Зээлийг банкуудаар дамжуулах тухай яригдаж байгаа юм байна. Чингэвэл энэ яг жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихээсээ илүүтэй банкуудыг дэмжих болчихов уу гэсэн болгоомжлол төрөхөөр байгаа. Банкаар дамжуулах нь эрсдлийн хамгаалалт сайтай боловч шалгуур өндөр болохоор манай жижиг, дунд үйлдвэрлэгчид тэр бүр шаардлагыг хангаж чаддаггүй.
-Та бүхний энэ саналуудыг зохих байгууллагууд нь хэр сонсдог юм бол? Хүлээж авч байна уу?
-Үнэндээ бол бидэнд ямар ч мэдээлэл байхгүй. Сая хэлэлцүүлэг боллоо гэхэд анхан шатны нэгжүүд огт мэдээгүй байх жишээний. Хэрвээ мэдсэн бол бид жижиг дунд, үйлдвэрчлэгчидтэйгээ яг байгаа нөхцөл байдлыг танилцуулж ярилцах л байлаа.
-Тэгэхээр та бүхний зүгээс жишээлбэл, дүүргээс хүчин чармайлт гаргалаа ч үр дүнд хүрч чадахгүй бол яах вэ?
-Энэ зөвхөн дүүргийн асуудал биш. Хамгийн том хүч бол үйлдвэрлэгчид. Бид үйлдвэрлэгчидтэйгээ хүчээ нийлүүлэн ажиллаж байна. Дээр нь манай есөн дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газрынхан байнга уулзаж, хамтарч ажилладаг. Тун удахгүй томоохон хэмжээний зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Бид хамтарснаар ЖДҮ гэдгийг хамгийн сонсголонтой, бүтээлч хөдөлмөрч хүмүүсийн нэр гэсэн ойлголтыг тогтоож, чадна гэж итгэж байгаа.
-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Эх сурвалж: 24tsag.mn
Сэтгэгдэл ( 0 )