Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа. Тэгэхээр хэрэглээний зээлийг хумих шийдвэр дээр “нэмэлт” шийдвэр гарч, хэрэгжих нь.
Сануулахад, 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэр гаргасан. Уг тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Хэрвээ тус зээлдэгч өмнө нь авсан зээлийн төлбөрт сар бүр 200,000 төгрөгийг төлдөг бол шинээр авах хэрэглээний зээлийн сарын нийт төлбөрийг 150,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй хэмжээнд зээлийн хэмжээг тодорхойлно. Ингэснээр тус зээлдэгч татварын дараах орлогынхоо хамгийн багадаа 30 хувь буюу үлдсэн 150,000 төгрөгийг өөрийн амьжиргаа болон бусад хэрэгцээндээ зарцуулахаар авч үлдэх ёстой болж буйг албаны хүн хэлж байсан.
Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн шийдвэрээр уг 30 хувь 40 хувь болж нэмэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )