“Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл”-ийн нээлт боллоо. Хүнсний ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, хоршоологчдыг дэмжиж, тариалангийн ажлыг механикжуулах, зоорь, өвөл зуны хүлэмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хүнсний ногооны импорт, ажилгүйдэл, ядуурлыг тус тус бууруулах, дотоодын хүнсний ногооны хэрэгцээг хангах, өрхийн амьжиргааг сайжруулах зорилготой уг төсөл 5 жил хэрэгжинэ. Төслийг Азийн хөгжлийн банк /Ядуурлыг бууруулах Японы сан/ санхүүжүүлэх бөгөөд Төв аймгийн Борнуур, Дархан-Уул аймгийн Орхон, Увс аймгийн Улаангом, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдад 2020 он хүртэл хэрэгжих аж.
Төслийн үр дүнд Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх загвар бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ногоон аж ахуй эрхлэх технологи туршлага нэвтрүүлэх, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийн амьжиргааг сайжруулна гэж үзэж байна.
Тодруулбал:
-Хоршоо хэлбэрээр ажиллах ногоочдын бүлгүүд байгуулагдана
Төсөл нь бүлгүүдийг хэрхэн зохион байгуулах, хамтын аж ахуй эрхлэх талаар зорилтот аймаг, сумдын өрхийн ногоочдыг чадавхжуулна.
-Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ногооны аж ахуй эрхлэх технологи, туршлага нэвтэрсэн байх юм.
Төслийн зүгээс үрийн аж ахуйг дэмжиж ажиллах бөгөөд хүнсний ногооны тариалан эрхлэлтэд шаардлагатай үр, бордоо, агрохимийн бодисуудыг олгох, шинэ загварын хүлэмж барих, хүлэмжийн дуслын усалгааны систем, усны зохистой ашиглалт, зарцуулалт, хөрс боловсруулалт, тарих үйл явц, нягтруулан тарих, органик бордоо, ургамлын эрүүл мэнд, хортон шавьжийн хяналт зэрэг хүлэмжийн аж ахуйн техник технологи гэх мэт чиглэлээр ногоочдын агротехнологийн чадавхийг сайжруулах юм байна.
-Ногоочдын бүлгүүд зах зээлд хүрэх боломж нэмэгдсэн байх аж.
Төслийн зүгээс ногоочдын бүлгүүдийг зах зээлтэй холбох, хамтын эзэмшлийн зоорь, агуулах, хүнсний ногоо боловсруулах цех барих бөгөөд Улаанбаатар хот, аймгийн төвүүд болон Төв аймаг-Улаанбаатар чиглэлийн зам дагуу хүнсний ногоо борлуулах жижиг цэгүүдийг байгуулж, ногоочин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )