Ураны СТРАТЕГИЙН хоёр ордыг “Орано” групп эргэлтэд оруулна

2019 оны 03 сарын 25

Францын төрийн өмчит “Орано” группийн Тэргүүн гүйцэтгэх захирал Николас Мас тэргүүтэй төлөөлөгчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү  хүлээн авч уулзжээ. Тус группийн нийт хувьцааны 92,2 хувийг Францын Засгийн газар эзэмшдэг аж.

 “Орано” групп дэлхийн таван тивийн улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Канад, Казахстан, Монгол, Нигер, Намиби зэрэг оронд ураны олборлолт, хайгуулын төсөл хэрэгжүүлдэг.

Манай улсад тус групп “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК болон Монгол – Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-иар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг юм.

 “Бадрах Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордуудын төслийн хувьд манай улсын стратегийн чухал ач холбогдолтой, хоёр орны хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлж буйг П.Ганхүү захирал уулзалтын үеэр онцолжээ. Цаашид талууд нарийвчилсан судалгааны ажил, бүтээн байгуулалт зэрэгт анхаарч ажиллахаар тохирчээ.

 Тодотгоход, “Арева Монгол” ХХК  геологи хайгуулын салбар болох “Кожеговь”  компаниар дамжуулан Монгол Улсад 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2011 онд 6260 тонн нөөцтэй ураны Дулаан-Уул ордыг, 2013 онд  54 640 тонн тооцоолсон нөөцтэй Зөөвч-Овоо ордыг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс стратегийн ач холбогдол бүхий нөөцөд бүртгэсэн. Ингэснээр Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх эхний арван нэгэн орны тоонд багтсан байдаг.  “Кожеговь” компани  Зөөвч-Овоо ураны ордыг нээн илрүүлжээ.

“Кожеговь” компани  говийн бүсийн тунамал хурдас бүхий хотгоруудад 400,782 га талбайг хамарсан 14 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж. Тодруулбал:

Сайншандын хотгорт 3 хайгуулын тусгай зөвшөөрөл

Дарьгангын хотгорт 11 хайгуулын тусгай зөвшөөрөл 

Тус  компани Дарьгангын хотгорт шинэ бүсүүдэд хайгуул хийж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top