“Эрчимтэй хяналт”-аас гарах арга замыг хэлэлцэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөл өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Ази, Номхон Далайн бүсийн байгууллага /APG/-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2 дахь удаа хийсэн Харилцан үнэлгээний тайлангийн ул мөрөөр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Мөн үүнд тулгуурлаж, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын талаар хэлэлцэн байр сууриа илэрхийлцгээв.

Манай улс Харилцан үнэлгээний Үр дүнтэй байдлын хувьд нийт 11 үзүүлэлтээс 2 үзүүлэлтийг хэрэгжүүлэх түвшин дунд зэргийн, 9 үзүүлэлтийг хэрэгжүүлэх түвшин доогуур гарсан. Үр дүнтэй байдлын үнэлгээнээс 7 эсвэл түүнээс их үзүүлэлтийг доогуур эсвэл дунд зэргийн түвшинд хангаж байгаа тохиолдолд мөн “эрчимтэй хяналт”-д ордог, иймээс Монгол Улсын хувьд үр дүнтэй байдлын үнэлгээ муу байгаа нь тус хяналтад орох бас нэг шалтгаан болсон юм.

Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөлийн тухайд  Монголбанк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авилгатай тэмцэх газар, Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл зэрэг байгууллагын гишүүнчлэлтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top