ТЭЗҮ-тэй, шаардлага хангасан алтны компанид зээл олгоно гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Алтны  салбар Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, валютын нөөцийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөрсөн 2018 онд уг салбараас 900 сая долларыг төвлөрүүлснийг  "Mongolia gold-2019" чуулганы үеэр онцолж байлаа. 2018 он алтны салбарын хувьд оргил жил болсон бөгөөд үүнд төр засгийн бодлого, татварын таатай орчин нөлөөлжээ.

 Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганд Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр “Алтны салбарт Хөгжлийн банкны оролцоо” сэдвээр илтгэл тавив.

Хөгжлийн банкнаас алтны компаниудад зээл олгохдоо тухайн төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон холбогдох  бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлэх шаардлагыг тавин шаардлага хангасан компанитай санхүүжилт олгон хамтран ажилладаг аж.

Харин алтны компаниудын тухайд ТЭЗҮ-гүй төслүүдэд санхүүжилт хүсдэг зөрчил гардаг юм байна. Алтны компаниудад зээл олгохдоо хугацааг нь уртасгах тал дээр анхаарах хэрэгтэйг нөхцөл байдал харуулж буй талаар мөн хөндөгдөж байсан. Тэгвэл энэ жилээс 2 болон түүнээс дээш хугацаатай зээл олгох аж.

Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2018 онд 28 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин энэ жил 16 тэрбум төгрөгийн зээл олгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top