Монголын Мянганы сорилтын сан ҮСХ-той хамтарч ажиллана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ дарга А.Ариунзаяа, Монголын Мянганы сорилтын сангийн суурин захирал Алекс Рассин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын сангийн хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд нийтдээ 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах бөгөөд Улаанбаатар хотын газрын ундны усны эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, холбогдох бусад ажлыг гүйцэтгэх юм.  Монголын Мянганы сорилтын сангаас тус гэрээний хүрээнд хэрэгжүүлэх судалгааг ҮСХ-той хамтарч явуулах санал тавилаа.

Монголын Мянганы сорилтын сангийн суурин захирал Алекс Рассин МСК-ын Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотод ойрын ирээдүйд тулгарах усны хомсдолыг шийдэхэд ҮСХ-ны судалгаа, албан ёсны тоон мэдээлэл чухал болохыг онцолсон юм.

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа Улаанбаатар хотын усны нөөцийг сайжруулахад чиглэсэн энэхүү компакт гэрээг цаг үеэ олсон чухал ач холбогдолтой болохыг дурдаад гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт боломжтой судалгаа мэдээлэл солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Монголын Мянганы сорилтын сангийн суурин захирал Алекс Рассин Монгол Улс дахь суурин захирлаар томилогдохоосоо өмнө 2005-2011 болон 2011-2017 онд Армен болон Йордан Улсад МСК-ийг төлөөлсөн Суурин захирлаар ажиллаж байсан бөгөөд эдгээр Компакт гэрээний хүрээнд нийт 450 сая ам.долларын дүн бүхий буцалтгүй тусламжаар усны дэд бүтэц байгуулах, бодлого, хууль эрх зүйн орчныг шинэчлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн тэрбээр Европ, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн бүс нутаг болон АНУ-д дэд бүтцийн чиглэлээр Bechtel Enterprises болон Wartsila Power Development зэрэг дэлхийд тэргүүлэгч корпорацуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг удирдаж байсан өргөн туршлагатай нэгэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top