Үндэсний өвийг чанарын дээдтэй хослуулан бүтээгч “ТАВАН НҮДЭН” брэндийн гангар шаазангуудыг сэтгүүлийнхээ өмнөх дугаарын “Брэнд” буланд онцолсон бол энэ удаад эр хүний чимэг болох хутга тэргүүтний тухай өгүүллээ. Үүний өмнө сонирхуулах үүднээс эр хүний гоёл болсон хутга, хэт, гаанс даалингийн тухай нэгэн домгийг энд сийрүүлье.
Эрт цагт нутаг усандаа нэр хүндтэй эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Эхнэр нь үзэсгэлэнтэй нэгэн байсан тул нутгийн өөр нэг залуу дурлаж, хос хоёрыг салгах арга сүвэгчилж хошуу ноёнтойгоо хуйвалдан, нөхрийг нь хугацаагүй цэргийн албанд явуулсан байна. Эр нөхрөө хэзээ ирэхийг мэдэхгүй бүсгүй давхар биетэй хоцорч. Хорон санаат залуу “нөхрөө авчрахыг хүсвэл надтай суу, үгүй бол ембүү өг” хэмээн зовоосоор хамаг хөрөнгийг нь баржээ. Нөхөр нь 9 жилийн дараа гэртээ харьж иртэл хайртай эхнэр нь өвчний улмаас нас барж, гэр орон нь үгээгүй ядуу болсон байв. Харин гал голомтыг нь ээжтэйгээ жигтэйхэн адилхан охин нь сахин сууж байжээ. Охинтойгоо уулзан учир явдлыг сонсож, эхнэрийнхээ үлдээсэн зүйлийг үзтэл маш чамин хээ угалзтай хутга, гал ноцоох хэт, гаанс, даалин зэрэг зүйлүүд байв. Эхнэр нь эцсийн малаа зарж тэдгээр зүйлийг хийлгээд “Эр хүний чимэг болж миний хайрыг үүрд дурсаг” хэмээн охиндоо хэлж үлдээсэн нь тэр байлаа. Нутгийн ардууд эхнэрийнх нь сэтгэлийг хүндэлж, харин нөхөр нь тэдгээрийг насан туршдаа нандигнан хэрэглэж ирсэн тэр цагаас хойш хутга, хэт, гаанс, даалин зэрэг нь эр хүний гоёл болсон гэдэг.
Тус брэндийн хутга тэргүүтэй бүтээгдэхүүнүүдийн хувьд хийгдэх тоо ширхэг нь тодорхой заагдсан байдгаас гадна дахин давтагдашгүй хийц загвар, тусгай дугаартай байдгаараа онцлог юм.
Энэ мэт домог хууч яриа, түүхийн үнэт олдвороос эш аван бүтээдэг “ТАВАН НҮДЭН” брэндийнхэн “МОНГОЛ, АВ, ӨВ, ХУВЬ” гэсэн хутганы дөрвөн загварыг эрчүүддээ санал болгож байсан бол энэ онд "АВ" загвараас арай бага, “ӨВ” загвараас арай том “АНД” нэртэй хутгыг худалдаанд гаргаад байна. Түүнчлэн тус брэндийн хутга тэргүүтэй бүтээгдэхүүнүүдийн хувьд хийгдэх тоо ширхэг нь тодорхой заагдсан байдгаас гадна дахин давтагдашгүй хийц загвар, тусгай дугаартай байдгаараа онцлог юм. Түүгээр ч зогсохгүй хутганы мөр дээр байх уйгаржин монгол бичгээр бичсэн “МОНГОЛ, АВ, ӨВ, ХУВЬ” гэх үгс бүгд хутганыхаа ирний хэлбэрийг агуулсан байдлаар бичигддэг нь өвөрмөц сонин шийдэл болжээ.
Австрийн алдарт “BÖHLER” брэндийн К340 маркийн гангаар бүтээгдсэн “Ав” хутга нь ердөө 99 ширхэг үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлогтой. Энэхүү загварын хутга бүр дээр хувийн дугаар байх бөгөөд “Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам нэмэгдэх загвар болсон” хэмээн тэд тодорхойлж байсан. Эрхэм хүндтэй хүндээ бэлэг болгон барихаас гадна, үр хүүхэддээ өв болгон үлдээж болох энэхүү загварын ишийг Карелийн хус модоор хийсэн бөгөөд хутганы нийт урт нь 260 мм, ирний урт 140 мм, өргөн нь 25 мм, зузаан нь 5 мм байхаар нарийн тооцоолжээ.
Дашрамд өгүүлэхэд, хутганы нээлттэй дугаарууд худалдаалагдаж дууссан бөгөөд 01/99, 55/99 болон 99/99 гэх онцгой дугаартай хутгуудыг дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж байгаа юм. Ийнхүү дуудлага худалдаанаас олсон орлогоо Эх нялхсын эндэгдлийг бууруулах төсөлд 100 хувь хандивлах аж. Цаашид ч “ТАВАН НҮДЭН” брэнд “CSR” буюу “Байгууллагын нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх” хүрээгээ өргөжүүлж, Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, байгаль хамгаалал чиглэлд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллахаар төлөвлөж байна.
Өндөр их өвөг дээдсээс Өв болон ирсэн яс мөлжих уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх зорилгоор Хүннүгийн болон хүрлийн үеийн бөгтөр хутганы хэлбэрийг эш болгон тусгайлан бүтээсэн хутга бол “ӨВ” загвар юм. “ӨВ” загварын ишний барьцалдалтыг сайжруулах зорилгоор хутганы ишинд чулуун зэвсгийн үеийн хийцийг санагдуулам талст бүхий гадаргуу үүсгэж өгсөн нь хутганы хэлбэр хийцтэй төгс зохицсон дизайны шийдэл болжээ.
“ӨВ” загварын алтан ангиллын хутгыг мэсний ир хийх зорилгоор тусгайлан бүтээсэн “ZLADINOX” брэндийн 300 үелж гаргаж авсан “ZDI1016” маркийн Дамаск гангаар бүтээдэг бөгөөд хутганы зүүн ааган дээр уран нарийн сийлсэн “ТАВАН НҮДЭН” бэлгэдэл байх аж.
Алтан онцгой загварын хувьд ердөө 99 ширхэг бүтээгдэхээс гадна, 999.9 хувийн сорьцтой алтаар шарсан гэдгээрээ онцлог юм. Хоёр төрлөөр үйлдвэрлэгдэж буй “Өв” хутганы энгийн загварын тухайд 100х13М стандартын цагаан гангаар хийгддэг гэнэ.
Монголчуудын аливаа баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үед хоймортоо зассан идээ шүүсийг ахмад настай, хүндтэй хүн хөндөж, үр хүүхдүүд, цугласан олонд “ХУВЬ” хишиг түгээдэг сайхан өв уламжлалтай.
Идээ шүүс хөндөхөд тохиромжтой байх хэмжээ, хутганы ажиллах чадвар зэрэг үзүүлэлтийг онолын үндэстэй тооцон энгийн хэрнээ чамин, уламжлалт монгол загвартай, зүүж агсахгүй ашиглахаар тооцож үхрийн ширэн хуйтайгаар “ХУВЬ” загварын хутгыг бүтээн, хэрэглэгчиддээ өргөн бариад байна.
Аливаа хутганы гол үндсэн үүрэг нь хэрчих, огтлох, хуваах. Энэ үүргийг гүйцэтгэдэг гол зүйл нь мэс буюу ирний хэсэг. Тиймдээ ч “Хувь” хутганы онцлог, чанарыг илтгэх гол үзүүлэлт нь ирний гангийн чанар аж.
“Хувь” хутганы ирэнд ашиглагдсан ган нь социализмын үед мэс заслын хутга хийхэд ашигладаг байсан “100х13М” маркийн, зэврэлтэд өндөр тэсвэртэй, ир хадгалах чадвар сайтай гангаар үйлдвэрлэгддэг гэдгийг онцлон дурдъя.
Мөн хутганы мөрөн дээр “ХУВЬ” гэсэн сийлбэрт бичээс байх бөгөөд зүүн ааган дээр болон хутганы ишний ар талд “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг сийлж, 999.9 хувийн сорьцтой алтаар шарсан байна. Хутганы ишийг гоёлын хутганы иш хийхэд голчлон ашигладаг хуш модны ургацгаар урлаж, ирний хоёр талд бидний өвөг дээдсүүдийн өнө эртнээс хэрэглэж ирсэн урт нас, энх амгаланг бэлгэддэг эвэр угалз хээг сийлж өгчээ.
“ХУВЬ” загварын хутга нь ердөө 555 ширхэг бүтээгдэх бөгөөд хутга бүр өөрийн хувийн дугаартай байхаараа онцлог юм.
“ТАВАН НҮДЭН” брэндийн “МОНГОЛ” загварын хувьд түүхэн олдворын хутгануудын сонгодог, уламжлалт хэлбэрийг эш болгон бүтээсэн гэдгээрээ онцлогтой. Тус загварын хутгуудыг мэсний ир хийх зорилгоор тусгайлан бүтээсэн “ZLADINOX” брэндийн /300 үелж гаргаж авсан/ ZDI1016 маркийн Дамаск гангаар бүтээсэн. Хутганы ирний хэлбэр нь дотроо УЛАМЖЛАЛТ ба ОРЧИН ЦАГИЙН гэсэн хоёр төрөлтэй юм.
Хутганы мөрөн дээр “ГАЛ, НАР, САР” болон “МОНГОЛ” сийлбэрт бичээс, зүүн ааган дээр “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг сийлж, 999.9 хувийн сорьцтой алтаар шарсан байна.
Хутганы иш, хуйг ганцхан Индонези улсад ургадаг ховор нандин, тансаг зэрэглэлийн Макассар модоор урладаг нь “МОНГОЛ” загварын хутганы үнэ цэнийг давхар илтгэж байгаа юм. Урт нас, энх амгаланг бэлгэддэг бидний өвөг дээдсүүдийн өнө эртнээс хэрэглэж ирсэн эвэр угалз хээг “МОНГОЛ” загварын хутганы үндсэн чимэг болгон залсан бөгөөд загвар тус бүрээс ердөө 55 ширхэг бүтээгдэх юм.
“Монгол” хутганы хэмжээний хувьд ИХ ГАРЫН ба ДУНД ГАРЫН гэсэн хоёр сонголттой. Их гарын хутганы урт 375 мм бол дунд гарын хутганы урт 310 мм байх аж.
Үүнээс гадна “Монгол” хутга нь алтан ба мөнгөн гэсэн хоёр үндсэн загвартайгаар хийгдэж байгаа. “Монгол” алтан онцгой загварын хувьд бүхэлдээ урьд өмнө монгол хутганд байгаагүй найман талтай, трапец хэлбэртэй бүтээгдсэн гэдгээрээ онцлогтой. Үүнээс гадна хэлбэр дизайны шинэ шийдэл нь аль ч өнцгөөсөө эртний Монгол хутганы хэлбэрийг илтгэж чадаж байгаа нь ТАВАН НҮДЭН брэндийн дизайнеруудын мэдрэмж, ур чадварыг давхар илтгэж байгаа юм.
Харин “МОНГОЛ” загварын мөнгөн ангиллын хутга нь тансаг зэрэглэлд багтах бөгөөд түүхэн олдворын хутгануудын сонгодог, уламжлалт хэлбэрийг эш болгон бүтээснээрээ онцлог ажээ.
Дашрамд өгүүлэхэд, “МОНГОЛ” загварын хутганы тодорхой хэсгүүдэд үйлчлүүлэгч өөрийн удмын, сүргийн тамга, лого болон өөрийн нэрийн товчлол зэргийг нэмэлт төлбөртэйгээр хийлгэх боломжтой. Зарим нэг алдартнууд, алдар цолтой уяачид яг ийм байдлаар захиалга өгч өөрийн нэрийн хутгаа хийлгэж авчээ. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар хийгдэж, ОХУ-ын Ерөнхийлөгчид бэлэг болон очсон хутган дээр Монгол Улсын төрийн бэлгэдлийн нэг Алтан соёмбо, ОХУ-ын төрийн сүлд, Ерөнхийлөгч В.В.Путины нэрийн товчлол зэрэг нарийн чимэглэл хийгдсэн байна.
Өндөр их өвөг дээдсээс Өв болон ирсэн яс мөлжих уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх зорилгоор Хүннүгийн болон хүрлийн үеийн бөгтөр хутганы хэлбэрийг эш болгон тусгайлан бүтээсэн “АНД” загварын хувьд “ӨВ” загварын хутганы хэлбэрийг хадгалж, хэмжээг зохистой хэмжээнд томруулж аялал, зугаалгын үед хэрэглэхэд тохируулан бүтээжээ.
“Өвчих, шулах, үе нугалах” зэрэг үйлдэл хийхэд эвтэй, нийцтэй байхаар хутганы ирний болон нийт уртын хэмжээг тооцож, цул ган хийцийн, төгсгөл хэсэгт нь архирч буй барын дүрслэлтэй бөглөө онгойлгогч хийж өгсөн нь үнэхээр гайхалтай дизайны шийдэл гэлтэй.
225 мм урттай, 4 мм-ийн зузаантай цул ган дээр шинэ зууны технологийн дэвшлийг бүрнээ шингээсэн, орчны нөлөөнд өндөр тэсвэртэй G-10 буюу өндөр нягтралтай шилэн даавуун материалыг хавсарч ишилснээр, энэ загварын ажиллах чадварыг үлэмж нэмэгдүүлсэн гэж болно. Түүний дээр ишний барьцалдалтыг сайжруулах зорилгоор хутганы ишинд чулуун зэвсгийн үеийн хийцийг санагдуулам талст бүхий гадаргуу үүсгэж өгсөн нь “АНД” хутганы хэлбэр хийцтэй донж хослон, төгс зохицсон харагдана.
Барын толгой л ил гарах хэмжээнд хутгаа лав хуйлах тул хутга гээгдэх эрсдэлгүй бөгөөд бүсэндээ зүүсэн хутгаа нүд ирмэхийн зуур хуйтай нь хамт салгаж авах боломжтой. Энэ боломжийг Германы “FIDLOCK” системийн, оньсоор тайлагдах 70 кг -ийн даацтай бат найдвартай түгжээ олгож байна.
“АНД” загварыг хоёр төрлийн буюу эхний сонголт - “ELMAX” маркийн ган /1960-аад оны үед суурь машины таслагч, огтлогч хэсэгт ашиглах зорилгоор гарган авсан, өдгөө Шведийн “Uddeholms AB” компанийн үйлдвэрлэн гаргадаг зэврэлтэд өндөр тэсвэртэй, ир хадгалах чадвар сайтай ган/, удаах нь “100Х13М” маркийн ган /Мэс заслын хутга хийх зорилгоор Златоустын металлургийн үйлдвэрт тусгайлан гаргаж авч, 1981 оноос үйлдвэрлэлд нэвтрүүлж мэс заслын хутга хийдэг байсан зэврэлтэд өндөр тэсвэртэй, ир хадгалах чадвар сайтай ган/-аар тус тус үйлдвэрлэж буйгаараа онцлог юм.
“Ав” хутганы алтан загвар гэхэд, гурван чоно нэхэж яваа морьтой анчинг ирэн дээр нь сийлж, алтаар шарснаараа онцлог бөгөөд “Таван нүдэн” брэндийнхэн энэхүү загвартаа зориулж, яруу найрагч Б.Батрэгзэдмаагаар “Ав” хэмээх шүлэг зохиолгожээ.
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн эртний мэргэд элэглэн хэлсэн буй. Ан авын тухай ойлголт хүн төрөлхтөн буй болж эхэлсэн цагаас үүссэн гэж хэлж болно. Нүүдэлчин монголчуудын хувьд ав хомрогын нэгэн зориулалт нь цэрэг дайны бэлтгэл байсан бөгөөд энэ талаарх мэдээ баримтууд Хүннүгээс ч өмнөх үед холбогддог. Гэвч түүхэнд дурдагдсан бодит баримтыг хөөн үзвэл, Хятадын түүхийн эцэг гэгдсэн Сыма Цень түүхчийн бичсэн “Түүхийн тэмдэглэл” хөлгөн сударт буй үг юм. Тэнд “Бага хүүхдүүд нь хонь ямаа унан, хавчаахай нумаар шувуу, зурам агнадаг. Арай томхон нь үнэг, туулай намнан хоол хүнсэндээ нэмэрлэмүй. Тэдний хэв заншил гэвэл жирийн цагт тааваараа мал маллан нүүдэллэж, ав хомрогоор ажил үйлээ болгомуй” гэж бичигдсэн байна. Түүнчлэн нийтийн тооллын 4 дүгээр зууны үед бичигдсэн “Баруун Хан улсын бичиг” хэмээхэд “Хүннү нар гурван настайдаа морь унаж, тавтайдаа нум сумаар харваж сурдаг бөлгөө” гэсэн байдаг. Ийм олон мэдээ баримтаас дүгнэхэд, ав хомрого бол нүүдэлчдийн ертөнцөд нэгэн зайлшгүй чухал зан үйл байжээ гэдгийг мэдэхэд төвөггүй. Их эзэн Чингис хааны намтар, үйлээс харахад ч, тэрээр ав хомрогын үйлд их дуртай, насан эцэс болтлоо авлаж, гөрөөлж явсан болох нь мэдэгддэг.
Мөн Италийн жуулчин Марко Поло “Ертөнцийн сонин хачин” номынхоо 92-р зүйлд “…Их хаанд чоно, үнэг, зээр, буга бариулдаг олон тооны бүргэд байдаг. Тэдгээр нь олон тооны ан барих бөлгөө. Чоно барьдаг хамгийн том хүчирхэг бүргэд бий. Тэдний махир хошуунаас зайлж чадах чоно нэгээхэн ч үгүй” гэжээ.
Энэ мэт түүхийн олон мөчлөгийг дамжиж, өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн эрхэм ёсонтой холбогдох “Ав” шүлгийн өгүүлэмжийг ТАВАН НҮДЭН брэндийн дизайнеруудын баг зурагт буулган нэгэн гайхамшигтай иж бүрдлийг бүтээжээ. Иж бүрдлийг Дэлхий дахинаа урчуудын хот хэмээн өргөмжлөгдсөн Златоустын урчууд урлаж байгаа аж.
Эртний монгол хүний дүрийг дүрсэлсэн “Монгол ав” сэдэвтэй зургийг Златоустын зураач бүсгүйчүүд нэг бүрчлэн хуулбарлан гараар зурж урладаг онцлогтой.
“Ав” иж бүрдлийн гол бүтээгдэхүүн нь дашмаг. Монгол эрчүүдийн аян замын салшгүй нэгэн хэрэглэгдэхүүн болох дашмаг дээр “Монгол Ав” зураг сийлэгдсэн бөгөөд яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн оноон шадалсан шүлгийн мөр бүр, түүний утга агуулгыг бүрнээ илтгэнэ.
Тодруулбал, “Тулгын гурван чулуу тавьж, тухалж суугаад галыг өрдөөд ....аргамаг хурдан хүлгээ унаж, анир авагч ноходоо дагуулаад авд мордсон” эрийн төрх энэ дашмаг дээр буужээ. Нарийвчлан харвал анч эр ангаа авласныхаа дараа амарч суугаа нь энэ юм болов уу гэх бодол ч төрөх аж. Учир нь аргамаг хурдан мориндоо чоно ганзагалсан харагдана...
Иж бүрдэлд багтсан асаагуурын “нүүрэнд” цагаан шонхороо гар дээрээ залж, аргамаг хурдан морио унан, нум сумаа агсан яваа анч эрийн дүрийг сийлсэн бөгөөд асаагуурын ард, болоод сууринд нь “Таван нүдэн” нэрийг сийлж өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй иж бүрдэлд багтсан гурван хундага дээр Монголчуудын бахархан хүндэтгэдэг д нэн ховордоод буй, хамгийн сүрлэг гурван амьтныг /ирвэс, аргаль, зэрлэг гахай/ мөнхөлжээ.
Энэхүү бүтээгдэхүүний талаар тус брэндийнхэн “Энэ бол зөвхөн монголчуудын ойлгох өв юм. Ийм уламжлал, ийм өв соёл өөр хаана ч байхгүй” хэмээн ярьж байлаа. Дашрамд дуулгахад, тус иж бүрдлийг ердөө 55 ширхэг л үйлдвэрлэх ажээ.
Өв тээн дэлгэрүүлэгч “ТАВАН НҮДЭН” брэнд үндсэн чиглэлийнхээ хүрээнд Их Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэгт байсан “АЛТАН ОРД”-ны нэрээр нэрлэгдсэн шинэ коллекцоо сар шинийн өмнө худалдаанд гаргаад байна.
Энэхүү коллекцид хаан бугуйвч, хатан сүйхтэй хос алтан хундага буюу “АРГА БИЛИГ”, хүндтэй андууддаа хүндэтгэн залах “АНДУУД” загварын иж бүрдэл багтааж өгсөн онцлогтой. Энэ талаар “ТАВАН НҮДЭН” брэндийнхэн “Бидний өвөг дээдэс сархадыг идээний дээж хэмээн үзэж, алт мөнгөн цом /сөн, чороон гэж мөн нэрлэдэг/-д хийж хүртдэг байсан тухай түүхийн олон эх сурвалж байна. Тиймээс бид тэрхүү ёс уламжлалыг тэр чигт нь аваад, дизайны хувьд жаахан ур оруулаад лимитэд байдлаар хоёр төрөл болгон үйлдвэрлэсэн” хэмээн ярьж байв.
Монголчуудын хувьд айраг, сархад уудаг саваа “Сөн” хэмээн нэрийдэж ирсэн уламжлалтай. Тиймийн учир түүхэнд тэмдэглэгдсэн “цом” гэх нэрийдлийг цаашид “сөн” хэмээн бичих нь зүйтэй юм. Үүнтэй холбоотойгоор Монголчуудын хэрэглэдэг “Сөн түших” хэмээх үгийг Монгол хэлний их тайлбар толиос харвал... “Хурим найрын үед архи, айргийг зочин гийчинд аягалж хундагалан, түгээн барих” хэмээн тайлбарласан байна.
Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй XIII зуунд хамаарах хүн чулуун хөшөөн дээр дүрслэгдсэн айраг, дарс уух сөн, ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагдаж буй Алтан ордны улсын үед хамаарах цом хундаганаас эш авсан “Арга билиг” загвар нь 200 граммын багтаамжтай юм. Энэхүү хундагыг хаан бугуйвч, хатан сүйхээр чимэглэсэн тухайгаа тус брэндийнхэн “Энэ бүтээгдэхүүнүүдийг жаргадаг насан дээрээ байгаа аав ээждээ, хосууд бие биедээ хуримын ойгоороо, хуримаа хийж байгаа шинэхэн хосуудад бэлэг болгож өгөөсэй гэх хүслийг тээн энэхүү бэлгэдлээр чимж өгсөн. Эрмитажийн музейд хадгалагдаж буй цом хундаганы үндсэн хэмжээг бага зэрэг багасгаж өнөө цагт улаан, цагаан дарс уухад нийцүүлэн үндсэн материал гуулиар хийж 999.9 сорьцтой алтаар бүтэн бүрж бүтээсэн онцлогтой. Түүнчлэн үндсэн загварын / Москва дахь түүхийн музейн санд хадгалагддаг/ мөнгөн дээр алтаар хийсэн чимэглэл дээр ганц жижиг тойрог зураас нэмж татаад л манай “Таван нүдэн” бэлгэдэл гараад ирсэн” хэмээн ярьж байв.
Монголчуудын задарч биш, жаргаж уудаг байсан эрхэм ёсыг хүндэтгэн хийсэн “АНДУУД” загварын хувьд “АРГА БИЛИГ” загварыг жижигрүүлэн, 50 граммын хэмжээтэй байхаар өөрчилсөн таван ширхэг хундага юм.
Энэхүү хундагуудыг сархад залах тавиуртай хамт хийсэн бөгөөд энэ нь монгол хүн сархадаа газар тавьдаггүй байсан ёстой холбон тайлбарлаж болох юм. Тодруулбал, хундагаа хураахдаа тавиур дээрээ тавьчихаад гаргаж ирээд хундагаа аваад сархадаа тавиур дээр нь залах зориулалтттай гэнэ. Энэ загвар 555 ширхэг үйлдвэрлэгдэх юм.
Түүнчлэн хундаган дээр байх гурван хээ нь гурван цагийг бэлгэдэх юм. Удахгүй 925 сорьцтой цул мөнгөөр бүржхийж, хээгээ алтдаад эрдэнийн чулуугаар чимсэн “даймонд загвар”-ыг мөн гаргахаар төлөвлөж байгаа аж. Тодруулж хэлбэл, алмаз, улаан рубин /бадмаараг/, хөх сапфир /индранил/, маргад эрдэнийн чулуугаар чимэглэгдсэн тус бүр 9 ширхэг /нийт 36/ даймонд загварыг тун удахгүй худалдаанд гаргах гэнэ.
Оросуудын бурхнаа хийдэг технологиор бүтээсэн Их эзэн Чингис хааны “Мянганы суут хүн шүтээн хөрөг”-ийг “ТАВАН НҮДЭН” брэндийнхэн үйлдвэрлэж эхлээд байна. Энэхүү бүтээлийг Гальваникийн буюу электролизийн (Electrotyping) бүрэлтийн аргаар өндөр нарийвчлалтайгаар зэс материалаар биежүүлэн гарган авч никель, лак, мөнгө, алтаар чимэглэн, улаан модны нэгэн төрөл зүйл Sapele модоор хийсэн хүрээнд эрхэмлэн залж бүтээжээ.
Хөргийн ерөнхий дүр төрхийн тухайд Тайваний үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй /манай мөнгөн тэмдэгт дээр буусан/ их хааны хөргөөс эш авсан бөгөөд “Таван нүдэн” брэндийн дизайнерууд энэхүү 3D дүрсийг гаргаж авах гэж бүтэн нэг жилийг зарцуулсан байна. Шүтээн хөрөгт “Хижээл насны, ихийг үзэж харсан, гэсэн хэдий ч маш их энэрлийг агуулсан, нялх зөөлөн биш Их хааныг дүрслэхийг хичээсэн” талаараа брэндийнхэн онцлоод, “Зураачид Их хааныг их ширүүн хурц дүр төрхтэй гаргаж ирчихээд “Энэ бол Чингис хаан” гээд байдаг. Гэхдээ тэр дүрийг гаргаж ирсэн зураач, түүнийг шүүмжилж буй хүмүүс, үүнийг яриад байж байгаа бид ч хажууд нь суугаад харж, сонсож байгаагүй учраас шүүмжлээд байх хэрэггүй юм. Угтаа энэ бүтээл хэн нэгэнд таалагдах гэж хийгдсэн зүйл биш. Тайваны үндэсний музейд байгаа, монголчуудын мөнгөн тэмдэгт дээрээ залсан их хааны дүрийг гаргаж ирсэн юм. Түүнчлэн CHINGIS гэж нэг G үсэгтэй бичсэн Өрнийн Ертөнцийг дагах бус Монголчууд бид Их Хааныхаа нэрийг дуудлагаар нь зөв бичиж Олон Улсад таниулах учиртай” хэмээн ярилаа.
Их Хааны эш хөргийн өндөр 26.5 см, өргөн 26.5 см, зузаан 3.0 см байх бөгөөд 999.9 сорьтой алтан бүрэлттэй (1 микрон) юм. Түүнчлэн “Мянганы суут хүн шүтээн хөрөг”-ийг 999 ширхэг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
“ТАВАН НҮДЭН” брэндийнхэн сар шинийн баяртай холбоотойгоор өмнө нь үйлдвэрлэсэн “ИХ ЮАНЬ” коллекцоо баяжуулан тавагны сет гаргаж байна. Энэхүү сет нь нийтдээ 18 ширхэг / Десерт-5, зууш-5, хоёрдугаар хоолны-5, салатны-2, бууз мах гаргах-1/ байх юм.
Үүнээс гадна “ИХ ЮАНЬ” загвараар 10 литрийн айрагны ваар, 1 литрийн айрагны аяга хийж, тун удахгүй зах зээлд гаргахаар хээр төлөвлөж байгаа ажээ. Энэхүү томоохон урлалууд нь бүгдээрээ гар хийцээр, тэр дундаа ясан шаазангаар хийгдэж байгаагаараа онцлог юм. Энэ талаар брэндийнхэн “Айрагны ваараа баяр наадмаас өмнө худалдаанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Ер нь аливаа зүйлийг тэр дундаа том хэмжээний зүйлийг ясан шаазангаар хийнэ гэдэг ажиллагааны хувьд нарийн байхаас гадна цаг хугацаа их шаарддаг. Гэхдээ хэцүү зүйлийг бодитой болгох нь бидний зорилго.
“Их Юань” загварын ваарны хувьд 999 ширхэг хийгдэх байх гэж төлөвлөж байна. Энэхүү бүтээгдэхүүнийг онцлоод хэлэхэд тагтай. Өмнө нь Өдгөөг хүртэл бидний хэрэглэж байсан ирсэн айрагны ваарнууд бол мод ургамал тарьдаг шавар ваар байсан. Таггүй. шавар ваарнууд таггүй байсан шүү дээ. Үүнээс гадна ваарыг шаазангаар, тэр дундаа дотроо ясан шаазангаар анх удаа айрагны ваар анх удаа хийж байгаагаараа онцлог давуу талтай болж байна” хэмээн ярьсан юм.
“ТАВАН НҮДЭН” брэндийн хувьд 5, 9-ийн тоог бүтээгдэхүүндээ ихэвчлэн онцолдог. Тиймээс тооны талаарх зарим бэлгэдлийг тодруулахад, “3, 5, 9, 13 гэсэн тоо монголчуудын хувьд хүндтэй, бэлгэдэл өндөртэй тоо гэж үздэг. Эдгээрээс 5-ын тоог хамгийн хүчтэй тоо гэдэг. Учир нь 1-9 хүртэлх тоог жагсаахад 5-ын тоон дээр огтлолцол үүсдэг. Тийм учраас тавын тоог хүчтэй тоо гээд байгаа юм. 9-ийн тоо бол дүүрэн, хязгааргүйг бэлгэддэг. Үүнээсээ гадна 9-ийн тоо бол хамгийн том тоо гэгддэг. Энэ л бэлгэдэл, агуулгаар 5 ба 9 гэсэн тоонуудыг хэрэглэж байгаа гэж ойлгож болно. Өвгөдөөс уламжлалтай, жижиг мэт боловч агуулга өндөртэй, монгол хүний хувьд мартаж, гээж боломгүй зүйлсийг сануулах, мэдүүлэх, дэлгэрүүлэх нь “ТАВАН НҮДЭН” брэндийн хамт олны нэгэн үүрэг бөгөөд эрхэм зорилго юм” хэмээн онцлон өгүүллээ.
О.Шинэтуяа
"Зиндаа" сэтгүүлийн №13-т нийтлэгдсэнээс онцлов
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр гайхамшигтай бүтээлүүд байна. Миний нөхөр хуримныхаа урилгыг одооноос 36 жилийн өмнө хийхдээ энэхүү ”ТАВАН НҮД” ийг оруулан хэвлэлийн сийлбэр бэлдэж хэвлэсэн байдаг юм.Тэгээд хэдэн жилийн өмнө надад нэг өдөр ээмэг бэлэглэсэн аваад үзтэл нөгөө ”ТАВАН НҮД” /хээ гэхүүдээ буруу хэлж байгаа бол уучлаарай/загвараар мөнгөөр хийсэн ээмэг бэлэглэсэн. Тэр хэлэхдээ энэ их учиртай юм шүү гээд өгч билээ. Энэ брэндийг санаачилан ийм их гоё зүйл хийж байгаа залуучууд та нараар бахархаж байна. Ажлын өндөр амжилт хүсье.