Венесуэльчүүд бол богино зайн улс төрийн хамгийн том хохирогч

2019 оны 04 сарын 25

Асар их байгалийн баялагтай, дэлхийн чинээлэг орнуудын тоонд багтдаг байсан Венесуэль Улс өдгөө гүн хямралд орсны гол шалтгаан нь популизм байсныг дэлхийн нийт шүүмжилж байна. Газрын тосны арвин нөөцтэй энэ улс орны хувьд баялгийн хараалд нэрвэгдсэн гэж үздэг. Мэдээж цөөхөн эрх мэдэлтний хэт давруу үйлдэл улс орноо элгээр нь хэвтүүлдэгийн муу жишээ давтагдсан. Мөнгө нь үнэгүйдэж хог шиг гудамжаар хөглөрөхөд хүрсэн нь Африкийн хямралаар ганц ширхэг талх ачаа зөөдөг тэрэг дүүрэн мөнгөний үнэд хүрсэнтэй адил нөхцөлд хүрчээ. Харамсалтай нь Африк одоо ч хямралаасаа гарч чадаагүй байна. Венесуэлийн жилийн инфляц  2018 оны эцэс гэхэд 1.37 сая хувь буюу  гиперинфляцад  хүрсэн гол шалтгаан бол Засгийн газраас нь  төсвийн алдагдлаа мөнгө хэвлэх аргаар нөхсөнөөс болсон гэж Олон улсын валютын сангийн тайланд тэмдэглэсэн.

Тэгвэл  энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус улсад инфляц 2.67 сая хувь хүрч, жилийн эцэс гэхэд хэрэглээний үнэ нь 10 сая хувиар ихсэх төлөвтэй байна гэсэн тооцооллыг дээрх байгууллагаас хийсэн байна.  Үнийн өсөлт нь есөн сарын дотор 100 дахин нэмэгдсэн Венесуэлийн эдийн засгийн урьдчилсан тооцоо өөрчлөгдөөгүй байгаа юм. 2018 онд ДНБ-ний хэмжээ нь 18 хувиар, 2019 он гэхэд дахин 25 буурахаар байна. ДНБ нь хоёр оронтой тоогоор  дөрвөн ч удаа буурлаа. Ерөнхийлөгч Николас Мадуро 2013 онд инфляцтай тэмцэнэ гэж гарч ирсэн ч албан тушаалд очсон цагаасаа хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 24 дахин өсгөжээ. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сард цалингийн доод хэмжээ нь 3000-аас дээш хувиар өсөж, 1800 боливар болтол уруудсан. Үүнээс хоёрхон сарын дараа буюу аравдугаар сард нь  1800 боливар ердөө 20 ам.долларт хүрэхээргүй ханштай болсон ч компаниуд нь ажилчдаа цалинжуулж чадахгүй болсон.

Алсын хараатай бодлого бус богино зайн улс төрийн тоглолт ямар хор уршиг дагуулдагийн бас нэг муу жишээг бид бэлээхэн ийнхүү бусад дээр харж байна. Жилийн дараа манай улс сонгуультай золгоно. Сонгуулийн угтсан популизм тэнгэр ниргэх мэт бүрхэнэ. Оноо авах бүх сайн муу аргаа хэрэглэж таарна. Одоо ч буухианы зам дээрээ гарах бэлтгэлээ нэгэнт базааж эхэлжээ. Хэт хөөсөрсөн төсөв болсон болоогүй бүтээн байгуулалт руу урсаж, инфляцаа барьж дийлэх гэж Төв банк нь мөнгөний бодлогоо чангалж таарна. ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө ч зөрчиж мэднэ. Ингээд хөрөнгө мөнгөнд үрэлгэн хандах шаардлагатай тулахаа мэдэж байгаа учраас санхүүгийн байгууллагуудынхаа удирдлагуудыг сольж холихоор үймж эхэлж байх шиг байна. Муу ажилласанд нь биш мөнгийг хүссэнээрээ авахын тулд тэр.

Л.Болд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top