Илон Маскийн 2023 онд хийхээр амласан сансрын анхны аяллын бүх тасалбарыг үнэ цохин худалдан авсан Японы тэрбумтан Юсакү Маэзава уран зургийн цуглуулгаасаа зарахаар шийджээ. Энэ сарын 16-нд Нью-Йоркийн Sotheby`s дуудлага худалдаагаар Энди Уорхолын 1.5-2 сая ам.доллар, Эд Рушейгийн 2-3 сая ам.долларын үнэтэй бүтээлүүдийг зарах юм байна.
Түүнээс яагаад уран зургуудаа зарж эхэлж буйг лавлахад “Сохор зоос ч үгүй болчихоод байна” гээд инээмсэглэжээ. Хэдийгээр сүүлийн нэг жилийн хугацаанд Zozo-гийн эзэн Маэзавагийн хөрөнгө 700 сая ам.доллароор “нимгэрсэн” нь үнэн ч уран зургуудаа зарахаар хэмжээнд хүртлээ халаас нь хоосроогүй гэж Forbes тооцжээ. Forbes-ийн тооцоогоор бол Маэзава одоо 1.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр толгой баячуудын жагсаалтад Япондоо 22-т, дэлхийд 1281-д бичигдэж байна.
Маэзава бол уран зурагт үнэ хайрладаггүйгээрээ зартай нэгэн. Жан-Мишель Баскийн нэргүй бүтээлийг 110.5 ам.доллароор худалдан авснаар дэлхийн уран зургийн үнийн дээд хэмжээг тогтоосон удаатай.
Мөн дэлхийн хамгийн алдартай жиргээний эзэн. Шинэ жилийн баярыг тохиолдуулан Zozo-гийн хямдралтай худалдааг зарлахдаа ретвит хийсэн тохиолдлын 100 хүнийг тус бүр 100 сая иенээр шагнана гэсэн зар тарааж, улмаар 4.8 сая хүн түүний постыг ретвит хийсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )