Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар ямар үзүүлэлтүүдтэй байгааг өнөөдөр /2019.05.15/ мэдээллээ.
Инфляци 2019 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас нэг хувь, өмнөх оны эцсээс 2.8 хувь, өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн байна. Өмнөх оноос долоон хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнэ, согтууруулах ундаа, тамхины үнэ, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ нөлөөлжээ.
***
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар 2019 оны нэгдүгээр улиралд нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 мянга буюу 11.3 хувиар өсчээ.
***
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 286.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
***
Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 277.4 сая америк долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 70.8 сая америк доллараар буурчээ.
***
ДНБ 2019 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 279. тэрбум төгрөг буюу 8.6 хувиар өслөө.
***
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд дөрөвдүгээр сарын эцэст 33 мянга, үүнээс 22.5 мянга буюу 68.1 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 952 хүнээр буурч, өмнөх сараас 717 хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.7 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн долоон мянга нь Улаанбаатарт, 5.3 мянга нь Хангайн бүсэд, 4.2 мянга нь Баруун бүсэд, 3.6 мянга нь Төвийн бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 418 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 212 нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний дөрвөн сард ажилгүй 23.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4.4 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 21.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.2 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.2 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 0.5 мянган хүнээр тус тус буурсан байна.
***
Нэг хүнд ногдох сарын дундаж бодит орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 68 хувь, Төвийн бүсэд 88.6 хувь, Зүүн бүсэд 80 хувь, Улаанбаатар хотод 71.4 хувь, Хангайн бүсэд 58.2 хувь, Баруун бүсэд 44.3 хувиар тус тус их байна.
Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2019 оны 1 дүгээр улиралд Зүүн бүсэд 0.336, Улаанбаатар хотод 0.321 болж, улсын дунджаас 0.006-0.021 нэгжээр их, Баруун, Хангай, Төвийн бүсэд 0.283-0.311 болж, улсын дунджаас 0.004-0.032 нэгжээр бага байна. Улсын дунджаар Жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.023 нэгж, өмнөх улирлаас 0.006 нэгжээр буурсан байна.
***
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний дөрвөн сард 857.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.5 тэрбум төгрөг, зарлага 771.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.9 тэрбум буюу 13.5 хувиар тус тус өслөө.
Сэтгэгдэл ( 0 )