Эрдмийг сураад буцлаа гэхэд
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээр
Алаг нүдэндээ сувдан нулимстай
Сүхбаатарын талбайд цэцэг ургав уу гэлтэй гоёхон дээл хувцсаар гангарсан охид хөвгүүд өнгө алаглан байна. Ай даа зуны эхэн сар дундаа орчихоод байхад зургаа юм шиг хур бороо, хурц нараа харамнан ингэн туйлаадас хаялах энэ байгаль дэлхий эгээ л хавар аятай. Нимгэн хөнгөн охид мөнгөн хонх жингэнүүлэн өндөр өсгийт дээр донжтойхон алхавч цаанаа л сэрүүхэн зуны салхинд даарч буй нь илт. Дөрвөн жил эрдмийн ширээнээ мөр зэрэгцэн дөнгөж амьдралд хөл тавьж буй мянга мянган залуусыг ямархан хувь тавилан хүлээж буй бол? Зарим нь эдийн засагч, зарим нь багш, зарим нь дуучин, зарим нь магадгүй ажилгүйчүүдийн эгнээг тэлэхээр олон зуун сургуулийн хаалгыг хааж байгаа даа. Гэхдээ аяных нь дөрөөг бүтэлгүй муу бодлоор үдмээргүй санагдав. Хонхны баяртаа хичнээн төгрөг үрж, хоногийн хоолоо залгуулж байгаа аав ээжээ хэр их зовоосныг нь ч тоочмооргүй байна. Би ч гэсэн ийм л залуухан байсан. Цээжиндээ дүүрэн мөрөөдөлтэй, цэнхэр тэнгэр шиг холын тэмүүлэлтэй явсан.
Ийн бодоод нүүрэндээ инээмсэглэл тодруулан, нүд алдам гоёсон охид хөвгүүдийг удтал ширтэн зогсов. “Нулимс минь дуслаагүй ч хонх минь уйлсан юм аа.
Нэг ангийн андууд минь баяртай” хэмээн залуус дуулсаар цэцэг навчинд умбан, өнгө өнгийн бөмбөлөгөөр гоёсон автобусанд багтаж ядтал чихээд хавсарга салхинд хаа нэг тийшээ хөөрчихөв үү гэлтэй давхиж одлоо. Эрмэг залуухан хорин насны босго давж яваа идэрхэн шувууд минь дээ өөрийнхөө зорилгод үнэнчээр өндрөөс өндөрт дүүлэн нис.
Сэтгэгдэл ( 1 )
suglegmaa mini setguulch yum bol khonkhny duu geed bichchikhej chadakhguy yu? khonkhon duu gesen khariyalakhyn tiin yalgal bayguy ee>