"Юанийн ханш суларсан нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулах нөлөө үзүүлнэ"

2019 оны 05 сарын 27

Инфляци буюу үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл нийгмийн анхаарлын  төвд байдаг. Энэ оны дөрөвдүгээр сард инфляци улсын хэмжээнд өмнөх сараас нэг  хувь, өмнөх оны эцсээс 2.8 хувь, өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Тэгвэл Төв банкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд инфляцийн төлөв байдлын талаар дараах байр суурийг илэрхийлж байна.

-Үндэсний статистикийн хороо дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар хэрэглээний үнийн улсын индекс долоон хувиар өссөнийг мэдээлсэн. Инфляцид нөлөөлсөн хүчин зүйлсийн тухайд нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлс хэдэн хувийг бүрдүүлж байна вэ. Бусад нөлөөллийн тухайд та бүхэн хэрхэн авч үзэж байгаа вэ?

-Улсын инфляци долоон хувь, Улаанбаатар хотын инфляци 7.8 хувьтай гарсан. 2018 оны сүүлийн хагасаас Улаанбаатар хотын инфляци өндөр гарах болсон. Тухайн үед хотын инфляцид нийлүүлэлтийн гаралтай буюу мах, шатахуун, хатуу түлшний үнэ нөлөөлж байгааг бид мэдээлж байсан. Тэгэхээр дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар эдгээр нийлүүлэлтийн гаралтай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцийн 2.9 нэгж хувийг тайлбарлаж байна. Энэ маань 2018 оны эцсийн байдлаар 5.4 хувьтай байсантай харьцуулахад буурсан байгаа.

-Инфляцид нөлөөлж байгаа нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлсэд Төв банкны зүгээс нөлөөлөх боломж хомс. Харин Засгийн газрын зүгээс тодорхой зохицуулалт хийх боломжтой. Тухайлбал, Засгийн газраас махны үнийг бууруулах талаар тодорхой зохицуулалт хийх талаар ярьж эхэлсэн. Төв банкны зүгээс харахад үнийн талаар ийм зохицуулалт хийх шаардлага байгаа юу?

-Мөнгөний бодлогын арга хэрэгслүүд нь эрэлтийн шалтгаантай инфляцитай тэмцдэг. Өөрөөр хэлбэл, эрэлтээр дамжуулж инфляцийг удирддаг. Тэгэхээр нийлүүлэлтийн гаралтай инфляцийг эрэлтийн шалтгаантай арга хэрэгслээр удирдах нь  инфляцийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үздэг. Мэдээж зах зээлийн ложистикийн асуудал, эсвэл гадаад экспортын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор махны үнэ өсч байгаа тохиолдолд Засгийн газрын зүгээс зохицуулалтын арга хэмжээ авах нь илүү зохимжтой гэж Төв банк үзэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн турш махны бүх төрлийн үнэ нэлээд нэмэгдлээ. Одоогийн байдлаар 11 орчим хувиар өсчихөөд байна. ХХААХҮЯ-наас мэдээлснээр Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байгаа махны гарал, үүслийн баталгаажилт хийгдээгүйгээс махны нийлүүлэлт удааширсан гэсэн байсан. Мэдээж гарал, үүслийг баталгаажуулах нь зөв. Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс эрүүл, баталгаатай хүнсийг хэрэглэх ёстой. Үүний нөгөө талд экспортын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор махыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх нь нэмэгдсэн. Тэгэхээр хэрэглээний зориулалттай нийлүүлэгдэж байгаа махнаас гадна үйлдвэрлэлийн зориулалтаар мах бэлтгэх байдлыг хянах шаардлагатай.

-Инфляцид нөлөөлж байгаа хүчин зүйлсийг валютын ханшийн хөдөлгөөнтэй холбож, тайлбарлаж болох уу. Өнгөрсөн жилийн тухайд төгрөгийн ханш ам.долларын эсрэг есөн хувиар суларсан. Тэгэхээр ханшийн инфляцид нөлөөлж байгаа нөлөө хэр байна вэ?

-2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш нэлээд суларсан. Үүний дамжих нөлөөлөл оны сүүлээс инфляцийн зарим бараа, бүтээгдэхүүний төрөлд илэрсэн. Тухайлбал, хувцасны үнэ нэмэгдсэн. Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар инфляцийн 1.2 нэгж хувийг бүх төрлийн импортлогдож байгаа хувцасны үнэ тайлбарласан байна. Хувцаснаас бусад төрлийн импортын үнэ 1.4 нэгж хувийг тайлбарлаж байгаа. Тэгэхээр нийт 7.8 хувийн инфляцийн 2.6 хувийг импортын бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдүүлсэн байна. Ханшийн энэ нөлөөлөл тодорхой хугацаанд үргэлжилсний дараа буурна. Нөгөө талаас АНУ, БНХАУ хооронд хийгдэж байгаа худалдааны зөрчилдөөн сүүлийн 14 хоногийн хугацаанд нэлээд нэмэгдэж байна. АНУ-аас тариф тогтоосонтой холбоотойгоор Хятадын юанийн ханш суларсан. Энэ нь манай улсын хувьд урд хөршөөс авсан төгрөгөөр илэрхийлэгдэх импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулах нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт, Хятадын Засгийн газар үүнд ямар хариу бодлого явуулахаа одоогоор зарлаагүй байна. Бидний хүлээж байгаагаар, мөн олон улсын шинжээчдийн харж байгаагаар ч тэр Хятадын Засгийн газар юанийн ханшийг нэлээд сулруулах бодлого баримтлах магадлалтай байгаа. Хэрэв тэгэх юм бол импортын барааны үнэ тогтворжих боломжтой.

-2019 оны хувьд инфляцийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ. Төв банкны хувьд жилийн инфляцийг найман хувьд барихыг зорьж байгаа. Гэвч бусад олон улсын байгууллагаас тухайлбал, АХБ инфляци 8.5 хувьд хүрнэ гэж таамагласан байна. Төв банкны хүлээлт ямар байна вэ?

-Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг хасаад, эрэлтийн шалтгаантай инфляцийн багцыг харвал энэ нь нийт инфляцийнхаа 4-5 нэгж хувийг өнгөрсөн оны туршид тайлбарласан. Энэ хандлага хэвээрээ байна. Хэрэв ханшийн дамжих нөлөө нэмэгдвэл импортын барааны үнэ өсөх хандлагатай байгаа. Бидний хувьд юанийн ханш суларсан тохиолдолд импортын барааны үнэ тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ эрэлтийн болон нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нийлбэрээр авч үзвэл оны эцэст найман хувийн орчимд байна гэсэн төсөөлөлтэй байгаа.

-Хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого хэрэгжиж эхлээд тав орчим сар болчихлоо. Үүний үр дүн зах зээл дээр гарч эхэлсэн үү?

-2019 оны эхнээс хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа, хугацаанд хязгаарлалт тавих бодлогын зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд хэрэглээний зээлийн өсөлт нэлээд саарсан. Гуравдугаар сарын эцсийн байдлаар хэрэглээний зээлийн жилийн өсөлт 30 орчим хувьтай байна. 2018 оны эцэст энэ өсөлт 47 хувьтай байсан.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yuve(64.119.24.51) 2019 оны 05 сарын 27

yu zvvdleed b.aa..oron garan bhaa..uuriinhni baraani vne buusiim bhdaa..

0  |  0
иргэн(202.21.115.82) 2019 оны 05 сарын 27

ЮЯНЬ ХЭЗЭЭ ХААНА СУЛАРСАН ЮМ БЭ

0  |  0
Top