Монголын санхүүгийн боловсролын хөтөлбөр дэлхийд үнэлэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Хот хөдөөгийн хаана амьдарч буйгаас үл хамааран иргэдийн хувьд санхүүгийн боловсрол улам бүр хэрэгтэй болж буй билээ. Тэгвэл Монгол Улс иргэддээ санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чиглэлд ихээр анхаарч, ахицтай  ажлууд хийж байгааг Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллага үнэлж, дүгнэлээ. Тодруулбал, тус байгууллагын дээд хэмжээний 5 дугаар чуулга уулзалт Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Йоханнесбург хотноо  болж,  Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагналтнуудыг тодруулахад манай Монгол Улс “Шилдэг түншлэл-2019”  шагналыг хүртээд байна. Уг шагналыг олон нийтийн санхүүгийн боловсролыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудаас сонгон шалгаруулж олгодог уламжлалтай бөгөөд  манай улс хоёр дахь удаагаа энэхүү шагналыг авч байгааг тодотгох нь зөв байх.

Иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 2015 оноос хойш Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ болоод хувийн хэвшлийнхэн хамтран хэрэгжүүлээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. ОУВС, Дэлхийн банкны 2012 оны судалгаагаар манай улсын иргэд санхүүгийн боловсрол муутай байгаа нь ил болсон байдаг. Санхүүгийн бүхий л үйлчилгээ технологид суурилж, тэр хэрээр хэрэглэгчдээс мэдээлэлтэй байхыг шаардаж буй цаг үед иргэдийнхээ санхүүгийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах шаардлага нэгэнтээ үүссэн тул Монголбанк бусдыгаа манлайлан, хамтын хүчээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэхэд болно. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн дөрөв орчим жилийн хугацаанд олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд олон арга хэмжээ зохион байгуулагдсан нь цаг үеэ мэдэрсэн, үр ашигтай зүйл болж буйг эдийн засагчид хэлдэг. 

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Энэ хөтөлбөр нэг удаа юм уу, эсвэл хэсэгхэн хугацаанд хэрэгжээд өнгөрөх зүйл биш. Иргэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өдөрт тутам авч буйн хэрээр иргэдийн санхүүгийн боловсрол сайн байх шаардлагатай” гэж байсан.  Мөн тэрбээр хөтөлбөр хүүхэд, сурагчдад, оюутан залууст, орон нутгийн иргэд, харилцагчдад гэхчлэн зорилтот бүлгүүдэд чиглэж тухайлан хэрэгжээд явж буйг хэлсэн. Зорилтот бүлгүүдийг ингэж зааглах нь хөтөлбөр үр дүн, хэрэгжилттэй шууд холбоотой юм. Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллагаас аваад буй шагнал нь хүүхэд, залуучуудад зориулсан хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг үнэлж буйн илэрхийлэл аж.

Хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудын багш нар, БСШУЯ-ны бодлогын газрын ажилтнуудтай хамтраад арван жилийн ахлах ангийн хичээлийн хөтөлбөрт санхүүгийн боловсролын хичээлийг албан ёсны программд нь оруулах чиглэлд анхаарч ажиллаж буйгаа Б.Лхагвасүрэн эрхэм хэлсэн. Хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд сурагчдад мэдлэг олгох сурах бичиг хэдийнэ бэлэн болжээ. Мөн сурах бичигт тулгуурлан хичээлийг нь заах 1050 багшийг шат дараатайгаар сургасан гэдгээ тодотгож байсан. Өнөөдрийн тухайд санхүүгийн боловсрол олгох хичээлийг ахлан ангид сонгон суралцах байдлаар программд оруулах асуудал шийдэгдээд байгаа аж. Уг нь бол сонгон суралцах гэхээсээ заавал үзэх хичээлийн тоонд оруулах чиглэлд анхаарах шаардлага бийг дурдаж байсан.

Санхүүгийн боловсролыг сайжруулах чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлсэн өнгөрсөн хугацаанд иргэдийн хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн гэдгийг мөн Монголбанкны зүгээс мэдэгдэж байна.

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг  манай улсын иргэдийн санхүүгийн боловсрол ямар түвшинд байна вэ? гэсэн асуултад “Бидний үзэж байгаагаар Санхүүгийн боловсрол олгох бодлого нь олон улсын хэм хэмжээнд хийгдсэн байна. Үндэсний хэмжээнд зорилтод бүлгүүдэд хүрэх системд нэвтэрч чадсан гэж үзэж байгаа. Харин хүртээмжийн хувьд мэдээж хүн нэг өглөө босоод эсвэл нэг сургалтад суугаад санхүүгийн мэдлэг, боловсролтой болно гэж байхгүй тул хугацаа шаардагдана” гэсэн юм.

Эхэнд өгүүлсэн, шагналын тухайд нэмж хэлэхэд нийт 151 улс өрсөлдсөн бөгөөд Шилдэг улс категорийн Шилдэг түншлэл төрөлд Монгол Улс Ангола, Аргентин, Колумби, Марокко, Португали зэрэг улстай тунаж, сүүлийн шатанд тэргүүлж үлдсэнээр шилдгээр тодорчээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkk(156.56.145.198) 2019 оны 06 сарын 26

Ulsiig dampuuruulchaad delhiid unelegdej baina gej ene lhagva gej novsh baga hudlaa shaa

0  |  0
Top