Шатахууны үнэ 100-120 төгрөгөөр буурна гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр хэллээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотойгоор импортлогчдын оруулж ирж буй шатахууны үнэ буурах нөхцөл бүрдээд байна гэж тэр мэдэгдсэн. Тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас орж ирсэн шатахууны үнэ тонн тутамдаа 25 ам.доллароор бууж орж ирсэн нь жижиглэнгийн үнэ литр тутамд буурах боломжийг бий болголоо. Долоодугаар сарын эхний тав хоногт багтан шатахууны үнийг 120 төгрөгөөр бууруулах чиглэлд ажиллаж байна гэж Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тодотгосон юм. Тэгэхээр асуудал хариуцсан эрх бүхий хүмүүсийн албан мэдэгдлийн араас импортлогчид үнийн самбар дээрээ өөрчлөлт хийх үүрэг хүлээж буй нь хэрэглэгчдийн хувьд таатай мэдээ билээ.
Дэлхийн зах зээл дээрх нэг баррель цэвэр тосны үнэ өчигдрийн байдлаар 66 ам.доллар байгаа нь бидний хувьд эрсдэл хэвээрээ байгааг харуулж байгаа юм. Энэ нь Америкт болсон газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлттэй холбоотойгоор богино хугацаанд хадгалагдах өсөлт үү гэдэг асуудал мэдээж яригдах ёстой. Угаасаа ч газрын тосны ханшийг ногооноор тэмдэглэхэд хүргэх эрсдэлүүд хэвээрээ л байгаа. Ц.Эрдэнэбаяр даргын хэлснээр бол энэ сарын 25-наас хойш долоодугаар сарын хэрэглээний шатахуун орж ирэхэд хилийн үнэ бууж ирэх магадлалтай гэж хүлээж буй гэсэн. Хэрэв дэлхийн зах зээл дээрх үнэ савлаад өсөөд байвал бидний хүлээлтэд сөрөг нөлөөлөл дагуулж болзошгүй л дээ. Салбар яамны мэдээллээр энэ сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа гэсэн. Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн хувьд баруун бүсийн Ховд аймагт АИ-92 автобензин 30 төгрөг, Говь-Алтай аймагт АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 90 төгрөгөөр тус тус буурсан бол хангайн бүсийн Хөвсгөл аймагт буй А-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80 төгрөгөөр тус тус өссөн байгаа аж.
Төвийн бүсийн Улаанбаатар хотод борлуулж буй А-80 автобензин 32 төгрөгөөр өссөн бол тус бүсэд хамаарах Говьсүмбэр аймагт АИ-92 автобензин 50 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Зарим компаниудын жижиглэн борлуулалтын үнийн хувьд "Шунхлай" ХХК-ийн АИ-92 автобензин 50 төгрөг, АИ-95 автобензин 70 төгрөг, "Петровис" ХХК-ийн АИ-92 автобензин 45 төгрөгөөр тус тус буурчээ. Тодотгоход, Засгийн газар өнгөрсөн оны хоёрдугаар сард “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” байгуулсан байдаг.
Тэгвэл тус зөвлөл энэ сарын 4-ний өдөр хуралдаж, зөвлөмж гаргасан аж. Зөвлөмжийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шатахууны хангамжийн олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн шатахууны хангамжийг сайжруулах үүднээс бусад орноос шатахуун импортлох боломжийг судлах, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтөд байнгын хяналт тавьж, шатахууны жижиглэнгийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллах чиглэл өгчээ. Мөн Олон улсын валютын сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, импортын үнэ болон бусад хүчин зүйлсээс хамаарсан шатахууны жижиглэнгийн үнэ автоматаар тогтоох механизм” олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран судлах чиглэлийг Сангийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )