ЖДҮ-ийн зээлд хамруулах төслийн II шатанд 534 төсөл үлджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1411 иргэн, аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ирүүлсэн. Дээрх ирүүлсэн нийт төслөөс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн II шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжсэн байна. Хоёрдугаар шатанд шалгарсан төслийн 376 нь аж ахуйн нэгж, 158 нь иргэнээс ирүүлсэн төсөл юм. Үүнээс 300 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжигдсэн байна.

Нийт ирүүлсэн төслөөс 877 нь шаардлага хангаагүй байна. Үүнээс Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй, муу зээлийн түүхтэй 76, Нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй 177, Сангуудад хугацаа хэтэрсэн өртэй зээлийн өртэй 9, Өөрийн хөрөнгийн эх үүсвэрийн 30 хувийг хангаагүй 90, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас хэтэрсэн 1, тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  мэдээлэхийг зөвшөөрөөгүй эсвэл материал ирүүлээгүй 71, бусад шалгуур хангаагүй 26 төсөл байгаа юм. Мөн бичиг баримтын иж бүрдэл хангаагүй 427 төсөл байгаа юм.

Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна. ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт IV үе шаттай бөгөөд эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулах юм байна.

Мөн эцсийн шатны шалгаруулалтад тухайн төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаа, үр дүнг товч байдлаар өөрийн биеэр Хорооны гишүүдэд танилцуулах боломжийг мөн олгож байгаагаараа өмнөх жилүүдийн ЖДҮС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанаас онцлог, ил тод, олон нийтэд нээлттэй, хэн нэгэнд давуу байдал бий болгох, гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бий болгоно гэж ЖДҮХСангийн зүгээс үзэж байна.

ХХААХҮЯ-наас гаргасан мэдээллээр “Бидний зүгээс холбогдох дүрэм, журмын дагуу нийтдээ 18,000 гаруй мянган датаг Монголбанкны зээлийн мэдээллийн сан, ЗГ-н тусгай 5 сан, АТГ, Татварын Ерөнхий газар, Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй мэдээлллийг тулган нягтлан шалгах ажлыг зохион байгуулж эхний шатны сонгон шалгаруулалтыг хийгээд байна. Үүний дүнд 873 төсөл ирүүлэгчийн бичиг баримтын иж бүрдэл хангагдаагүй, татвар, нийгмийн даатгалд өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй, аль эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг журмын дагуу төсөл ирүүлэгчид буцаах нөхцөл үүсээд байна” гэжээ. Энэ жилийн хувьд ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг ХХААХҮЯ, ЖДҮХС-гаас олон нийтэд ил тод нээлттэй явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top