iPhone, iPad-ийн загварыг зохион бүтээсэн Apple-ийн ерөнхий дизайнер ажлаасаа гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

iPhone, iPad-ийн загварыг зохион бүтээсэн Apple-ийн ерөнхий дизайнер Жонатан Айв ажлаасаа гарчээ. Тэрбээр ирэх жилээс өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхээр зэхэж байна.

Financial Times-ийн мэдээлснээр Жонатан Айв 2020 онд LoveFrom нэртэй дизайнын компани байгуулан ажиллах ажээ.

“Хэдийгээр би одоо Apple-ийн ажилтан биш ч гэсэн урьдын адил тэдэнтэй хамтран олон жил ажиллах болно гэж найдаж байгаа” хэмээн Жонатан Айв өгүүлсэн байна.

Харин Apple-ийн тэргүүн Тим Кук “Бид олон жилийн турш хамтран ажиллаж буй тэр багийнхантайгаа  мөн Жонтой үргэлжлүүлэн ажиллахдаа дуртай байх болно” хэмээн мэдэгджээ.

Тэгвэл Financial Times “Энэ бол Apple-ийн эриний төгсгөл” гэж тодотгоод Жонатан Айвыг “Дэлхийн хамгийн алдартай зохион бүтээгч”, “Apple-ийн загварын гоо сайхны гол амин сүнс” гэж нэрлэсэн байна.

Жонатан Айв Apple-ийн дизайны олон талт ажилд бүгдэд нь оролцож, эцсийн шийд сонголтыг хийсээр иржээ. Гадаад өнгө, загвар болон дэлгүүрийн интерьер, Apple Park зэрэг томоохон архитектурын төслийн загварыг тэр л гаргасан юм байна.

Стив Жобс Жонатан Айвын мэдрэмж, хамтын ажиллагааны дүнд л iPhone, iPad, iPod, iMac бий болсныг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top