ТОЙМ: Төсвийн орлого буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Сар тутмын макро эдийн засгийн тоймыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг билээ. Тэгвэл тавдугаар сарын тойм мэдээллийг тус төвөөс гаргажээ.  Мэдээллийг хүргэхээсээ өмнө МАКРО ЭДИЙН ЗАСАГ гэж чухам ямар хүрээг хамарсан ойлголт болохыг тодотгох нь зөв байх.

Эдийн засгийн ухааныг судалж байгаа зүйлээс нь хамаараад МАКРО эдийн засаг, МИКРО эдийн засаг гэж үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Харин макро эдийн засгийн онол нь улс орны эдийн засгийг бүхэл бүтэн цогц байдлаар нь авч үздэг. Тодруулбал: Ханш уналт, ажилгүйдэл,  төсөв, мөнгөний зах зээл, нийт эрэлт, нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, хэрэглээ, хуримтлал гэх мэт эдийн засгийн тогтолцооны түвшин дэх асуудлууд багтана.


Төсвийн алдагдал нэмэгджээ

Төсвийн орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 75.2 хувиар, зарлага 70.5 хувиар тус тус буурчээ.  Төвсийн орлого, зарлагын зөрүү буюу тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 146 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 100.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.


Валютын нөөц 26.1 хувиар нэмэгдсэн  

Тавдугаар сард Монголбанкны төгрөгийн ам.доллартой харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 239 төгрөг буюу 10 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 10 төгрөг буюу 0.39 хувиар нэмэгдэж 2645.16 төгрөг болов. Дөрөвдүгээр  сард гадаад валютын нөөц 3.7 тэрбум төгрөг буюу өнгөрсөн сараас гурван хувиар, өмнөх оны мөн үеэс 26.1 хувь нэмэгдсэн байна.


Инфляц түвшин 7.9 хувь

Хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд тавдугаар сарын байдлаар өмнөх сараас 1.4 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар, оны эхнээс 4.2 хувь өсөв. 7.9 хувиар хувиар өсөхөд хүнсний бараа, орон сууц, ус, цахилгаан, эм тарианы үнийн дүн нэмэгдсэн нь нөлөөлөв.


Гадаад худалдааны тэнцэл 948 сая.ам доллар болов

Нийт барааны эргэлт өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн бол экспорт өмнөх сараас 13.1  хувиар, импорт өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсөж гадаад худалдааны тэнцэл 948 сая ам.долларын ашигтай гарав.


Улсын нийт гадаад өр гурван хувиар өсөв

Нэгдүгээр улирлын байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 7.2 тэрбум ам.доллар, Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 29.5 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх улирлаас Засгийн газрын өр нэг  хувь (79.7 сая ам.доллар), Улсын нийт гадаад өр гурван хувь  (778.6 сая ам.доллар)-оор тус тус өсжээ.

Харин төв банкны өр хоёр хувь буюу 42.1 сая ам.доллароор өссөн бол хадгаламжийн байгууллагуудын өр найман  хувь  буюу 173.1 сая ам.доллароор  нэмэгджээ. Нийт гадаад өрийн 25 хувийг Засгийн газрын өр, долоон хувийг  Төв банкны өр, найман хувийг  хадгаламжийн байгууллагуудын өр, 28 хувийг  бусад салбаруудын өр, 32 хувийг  компани хоорондын зээллэгийн өр тус тус эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top