Засгийн газрын зүгээс голлон анхаарч ажиллах шаардлага үүсэж байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Гадаад өрийн эргэн төлөлтийн эрсдэл, уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдэгт Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Б.Батдаваа дараах байр суурийг илэрхийлж байна.

“Ирэх жилүүдэд төлөх төр, хувийн хэвшлийн өрийн тодорхой хэсгийг төлж, тодорхой хэсгийг гадаад зах зээлд дахин санхүүжүүлэх буюу хугацааг нь сунгах шаардлага гарах байх. Ингэхэд хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авах шаардлагатай. Үүний тулд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, олон улсын байгууллагууд, хандивлагч орнууд болон хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж төсөв, мөнгөний бодлогын сахилга батыг үргэлжлүүлэн сахих нь чухал.

Хамгийн гол нь Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэж байж төлбөрийн тэнцэл сайжирч, ирэх жилүүдэд төлөх гадаад өрийг амжилттай шийдвэрлэх бололцоо бүрдэх юм. Мөн энэ нь гадаад эрэлтийн шок буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалж эдийн засаг хямрах сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Үүн дээр Засгийн газрын зүгээс голлон анхаарч ажиллах шаардлага үүсэж байна.

Монголбанкны зүгээс Засгийн газар болон УИХ-ын бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор ирэх  есдүгээр сард төлбөрийн тэнцлийн асуудлаар онол практикийн хурлыг эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top