Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Манай улсад 2018 оны байдлаар нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 30 хувь нь 20 ба түүнээс дээш жилийн насжилттай, жилд дунджаар 3000 гаруй тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байна. Судалгаагаар агаарын бохирдлын 10 хувь нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй гэж тогтоогдсон байдаг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь жил тутам автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаагаас харахад үлдэж буй 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл гэж үзэж болох юм. Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашин, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн гэх мэт хог хаягдал нь агаар, хөрсний бохирдлыг бүрдүүлэгч нэг эх үүсвэр болж байдаг.

Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Солонгос улсын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресаикл парк” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулаад байна.

“Монгол авто ресаикл парк” ХХК-ийн ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв нь Улаанбаатар хотын “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д баригдах бөгөөд барилгын ажлыг 2019 оны есдүгээр сараас эхлүүлэн 2020 оны эхний улиралд багтаан барилгын ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхлэхээр 50 орчим ажлын байр шинээр бий болох юм. Тус төв нь жилдээ 5000 гаруй ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах гэсэн чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйл ажиллагаагаа явуулах юм. Тус төв ашиглалтад орсноор жил бүр ашиглалтаас хасагдаж байгаа  тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан тодорхой үнийн дүнгээр иргэдээс худалдан авч тухайн тээврийн хэрэгслийг бүрэн устгаж, дахин боловсруулах үйл ажиллагаагаа явуулах юм. 

Санамж бичгийг байгуулснаар автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах, ашиглалтаас хасагдаж буй автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах, хамтран ажиллах байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжрах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top