Эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 8.6 хувь буюу төсөөллөөс давсан үзүүлэлттэй гараад буй. Тэгвэл эдийн засгийн цаашдын төлөвт нөлөөлж болзошгүй тодорхой бус байдлууд бий. БНХАУ, АНУ хоорондын худалдааны маргаан гүнзгийрч байгаа нь эдийн засгийн цаашдын төлөвт нөлөөлж болзошгүй тодорхой бус байдлын гол эх сурвалж болж буйг шинжээчид хэлж байгаа. БНХАУ-ын Засгийн газар дотоод хөрөнгө оруулалтаар эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй байгаа ч энэ нөлөө нь урт хугацаанд үргэлжилж чадах эсэх нь эргэлзээтэй. Худалдааны маргаан хурцадвал эдийн засгийн өсөлт улам муудах эрсдэлтэй юм. Энэ тохиолдолд манай улсын гадаад эрэлт саарах, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах, эдийн засгийн өсөлт төсөөлснөөс муудах эрсдэл байна.
Уг нь газрын тос боловсруулах үйлдвэр, Таван Толгой – Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтууд, шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох зэрэг нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх боломжтой. Гэхдээ бүрэн утгаараа эдийн засагт өгөөж дагуулсан ажил хэрэг болж хэрэгжих хугацаа нь, ТЭЗҮ зэрэг нь тодорхойгүй хэвээр байгааг шинжээчид тодотгож байгаа юм.
Мөн манай улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтад орох эсэх нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх нэг эрсдэл болж байна. Энэ тохиолдолд зээлжих зэрэглэл буурч, гадаад санхүүжилтийн өртөг нэмэгдэх, олон улсын санхүүгийн гүйлгээ, төлбөр тооцооны системд хүндрэл гарах, хөрөнгө оруулалтын орчин муудах, хөрөнгийн урсгал татрах зэрэг эрсдэлүүд бий болно.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг тодотгоход, нэгдүгээр улиралд уул уурхайн салбарын өсөлт 12.2 нэгж хувиар өндөр, уул уурхайн бус салбарын өсөлт 2.5 хувиар бага гарснаар нийт эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс 1.3 нэгж хувиар өндөр гарсан юм. Нүүрсний үнэ төсөөлж байснаас өсөж, үйлдвэрлэл 1.2 сая тонноор, зэс 24 хувь, төмрийн хүдрийн олборлолт 22 хувиар хүлээлтээс давсан нь уул уурхайн салбарын өсөлтийг голлон бүрдүүллээ.
Харин уул уурхайн бус салбарын өсөлт хүлээлтээс бага гарсан нь:
Ер нь энэ онд уул уурхайн бус салбарын өсөлтийн төсөөлөл өмнөх төсөөллөөс бага зэрэг буурсан бол уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, нийт эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс сайжрахаар дүр зурагтай байгаа юм.
Ирэх онд Оюутолгойн алтны агууламж буурах нөлөө уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлөх хэдий ч төсвийн хөрөнгө оруулалтын зардал өсөж, уул уурхайн бус салбарын идэвхжил нэмэгдэх нөлөөгөөр нийт эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс нэмэгдэх төлөвтэй.
Газрын тос, төмрийн хүдэр, алтны үнийн төсөөлөл энэ онд нэмэгдэж, зэсийн баяжмалаас бусад уул уурхайн олборлолт, экспортын биет хэмжээ нэгдүгээр улирлын гүйцэтгэлтэй уялдан өсөхөөр байгаа нь уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Харин 2020 онд алтнаас бусад түүхий эдийн үнийн төсөөлөл муудах, зэсийн баяжмалаас бусад түүхий эдийн экспортын биет хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй.
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал дутуу гүйцэтгэлтэй байгаа хэдий ч оны сүүлийн хагаст төсвийн зардал бүрэн гарч, барилга, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлтийг дэмжих, коксжих нүүрсний үйлдвэрлэл энэ оны эхний хагаст буурах боловч оны сүүл хагасаас эрчимжиж, боловсруулах салбарын өсөлт нэмэгдэх, цаг агаарын төлөв олон жилийн дунджийн орчимд байх тул хөдөө аж ахуйн салбарын өсөлт өмнөх оны орчимд хадгалагдах төлөвтэй байгаа зэрэг нь уул уурхайн бус салбарын өсөлтийг энэ онд тэтгэхээр байна.
Ирэх онд төсвийн хөрөнгийн болон урсгал зардлууд тэлж, уул уурхайн бус салбарыг дэмжих хэдий ч үүнийг дагаад хөрөнгө оруулалтын импорт нэмэгдэх, гадаад эрэлт саарах, уул уурхайн салбарын идэвхжил буурах нөлөөгөөр уул уурхайн бус салбарын өсөлт бага зэрэг саарахаар байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )