Монголд ажилладаг гадаадын иргэдийн тоо 4800-гаар НЭМЭГДЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Монгол Улсад хоёрдугаар улирлын эцэст гадаадын 95 улсын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс гурван орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 90 хүнээр өссөн үзүүлэлт юм. Харин өмнөх улирлаас дөрвөн орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 4.8 мянган хүнээр өсжээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 8.9  мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын, 5.4 хувь нь Австрали Улсын, гурван хувь нь ОХУ-ын, гурван хувь нь БНСУ-ын, 2.6 хувь нь БНСВУ-ын, 2.4 хувь нь АНУ-ын, 2.2 хувь нь Өмнөд Африк улсын, 1.8 хувь нь Канад улсын, 1.8 хувь нь Филиппин улсын, 1.5 хувь нь Их Британи улсын, 9.6 хувь нь бусад улсын харьяат байна.

Өмнөх оны мөн үеэс манай улсад ажил эрхэлж буй Австрали улсын иргэд 71, БНСВУ-ын иргэд 33, Канад улсын иргэд 10, Филиппин улсын иргэд 5  хүнээр өсөж, харин АНУ-ын иргэд 20, БНСУ-ын иргэд 23, БНХАУ-ын иргэд 187, ОХУ-ын иргэд найман  хүнээр тус тус буурчээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 19.7 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.3 хувь нь 20 хүртэлх насныхан байна.

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 4.0 (41.3 %) мянга нь Улаанбаатарт, 2.8 мянга нь Төвийн бүсэд, 1.7 мянга нь Зүүн бүсэд, 0.9 мянга нь Баруун бүсэд, 0.3 мянга нь Хангайн бүсэд ажиллаж буй аж.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар, 2019 оны хоёрдугаар улирлын эцэст, дүнд эзлэх хувиар

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 4.7 мянга нь техникийн болон мэргэжлийн, 2.6 мянга нь дипломын болон бакалаврын дээд, 1.5  мянга нь бүрэн дунд, 0.5 мянга нь суурь, 0.4 мянга нь тусгай мэргэжлийн дунд, боловсролтой байна.

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийг ажил мэргэжлийн ангиллаар авч үзэхэд хамгийн их буюу 3.1 мянга нь мэргэжилтэн, хамгийн бага буюу гурван иргэд хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан.  Байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь авч үзэхэдхязгаарлагдмал хариуцлагатай компанид 8.4 мянга нь, үлдсэн нь буюу 1.3 мянга нь бусад байгууллагуудад ажиллаж байгаа аж.

Манай улсад ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.2 мянга буюу 33.4 хувь нь уул уурхай, олборлолтын, 1.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 1.8 мянга нь барилгын, 917 нь боловсруулах үйлдвэрлэлийн, 758 нь боловсролын, 393 нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 196 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 116 нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 404 нь бусад салбарт тус тус ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top