Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 50 хувь нь бүрэн дунд боловсролтой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд зургаадугаар сарын эцэст 33.3 мянга, үүнээс 23 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.8  мянган хүнээр, өмнөх сараас 464 хүнээр буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 6.9 мянга нь Улаанбаатарт, 6.3 мянга нь Хангайн бүсэд, 3.8 мянга нь Төвийн бүсэд, 3.5 мянга нь Баруун бүсэд, 2.5 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 471 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 234 нь эмэгтэйчүүд аж.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний зургаан сард ажилгүй 39.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 10.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 31.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд дөрвөн мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.1  мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 439 хүнээр өсжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад зургаадугаар сард 9110 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 52.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн зургаадугаар сарын эцэст 50 хувийг бүрэн дунд, 27.7 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.1 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.6 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 0.9 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэллээ.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Архангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь аймагт улсын дунджаас 0.7-20.8 пунктээр илүү байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top