Чанаргүй зээл 1.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 237.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 751.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 69.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 78.4 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.1 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.3 пунктээр тус тус буурчээ.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны тавдугаар сарын эцэст 12 их наяд төгрөг болж, өмнөх сараас 123.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 37.2 хувийг ипотекийн зээл, 28 хувийг цалингийн зээл, 12.5 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 9.8 хувийг хэрэглээний зээл, 6.9 хувийг тэтгэврийн зээл, 5.6 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.5  тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 596.9 тэрбум төгрөгөөр өслөө.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.9 пунктээр өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top