70 жилийн түүхэн ойгоо төмөр замчид тэмдэглэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 03

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн баяр болж байна. Ойн хүрээнд өнөөдөр /2019.08.03/ Хүй долоон худагт  хүчит 128 бөхийн барилдаан болон  соёолон, их насны морьдын  уралдаан зохион байгуулагдаж байгаа юм.

Статистик мэдээлэл хүргэхэд, төмөр замын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний хагас жилд 13.2 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 1.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 977.2  мянган тонноор өсөж, зорчигчид 40.5  мянгаар буурсан байна. Харин 2019 оны зургаадугаар сард тээсэн ачаа 2.2 сая тонн, зорчигчид 249.5 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 16  мянган тонн, зорчигчид 37.1  мянган хүнээр өсжээ. Төмөр замын тээврийн салбарын орлого  оны эхний хагас жилд 335.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

70 жилийн ой тохиож буй энэ үед улс орны төмөр замын үүх түүхээс өгүүлэх нь зөв биз ээ. Манай орны төмөр замын түүхийн хуудас 1938 оноос эхлэн бичигджээ. Анх 1938 онд Улаанбаатар - Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, түүн дээгүүр уурын галт тэрэг давхиж эхэлжээ. Улаанбаатар - Налайхын төмөр замын гол үүрэг нь нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байсан юм.

Улаанбаатар - Налайхын төмөр замын урт 43 км, нарийн царигийн (өргөн нь - 750 мм) төмөр зам байжээ.

Эх оронд аюул нүүрлэсэн жилүүд болох өнгөрсөн зууны 30-аад оны сүүлчээр, тухайлбал 1938-1939 онд манай улсын дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригдав. Энэ нь одоогийн Эрээнцав - Баянтүмэнгийн төмөр зам юм. Энэ төмөр зам Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эрээнцав - Баянтүмэнгийн салбар замын одоогийн урт нь 268 гаруй км аж.

1946 онд БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхлэв.

Цаг уурын эрс ширүүн нөхцөл, дайны дараахь хэцүү, юм юмаар тарчиг үед зөвлөлтийн мэргэжилтэн, ажилчид богино хугацаанд хайгуул зураг төслийн ажлыг гүйцэтгээд, барилгын ажилдаа оржээ.

Төмөр замын барилгын ажил 1947 онд эхлээд хоёр жилийн хугацаанд Наушки - Улаанбаатарын 400 км урт шугамыг барьж дуусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top