Хадгаламжийн даатгалыг 2013 оноос 20 сая төгрөгөөр хязгаарласан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 05

Иргэд  банкин дахь хадгаламжийн даатгалыг яагаад 20 сая төгрөгөөр хязгаарлаж байгаа вэ гэдэг асуултад хариулт нэхдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Капитал банк татан буугдсанаар энэ асуултын хариу иргэдийн анхаарлыг улам бүр татаж байгаа. Тэгвэл Хадгаламжийн даатгалын корпорацаас дараах тайлбарыг өгч байна.

Хадгаламжийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь жижиг хадгаламж эзэмшигчийг санхүүгийн хямралаас хамгаалах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байдаг. Хадгаламжийг бүрэн даатгадаг туршлага байдаг. Энэ нь богино хугацаанд банк дампуурах үед системийн эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлж чадах ч урт хугацаанд зах зээлийн сахилга батыг бууруулах эрсдэлтэй байдаг учраас дэлхий нийтээрээ хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжих болсон. Манай улсын хувьд ч санхүүгийн хямралын үе болох 2008-2012 онуудад бүх хадгаламжийг даатгадаг байсан бол 2013 оноос 20 сая төгрөгөөр хязгаарладаг болсон.

Харин энэхүү хязгаарыг оновчтой тогтоох нь чухал бөгөөд олон улсад
80/20-ийн дүрмийг ашигладаг. Энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн 80 хувь, нийт хадгаламжийн 20-30 хувийг даатгах нь зохистой гэж үздэг. Мөн улс орон бүрийн банкны систем, эдийн засгийн нөхцөл байдал харилцан адилгүй учраас нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин ихээр тогтоодог туршлага байна.

Манай улсын хувьд дээрх олон улсын аргачлалд үндэслэн зохистой хамгаалалтын хязгаарыг харилцах, хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөг байхаар тогтоон хуульчилсан нь банкны салбар дахь нийт хадгаламж эзэмшигчдийн 99.8 хувь, нийт хадгаламжийн 25 хувийг даатгаж, олон улсын стандартад нийцэн, үндсэн зорилгоо хангаж буй гэсэн мэдээллийг өгч байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top