Гурван тэсийнхэн биологичийнхоо амийг нэхэж, Тосон бумбаа хамгаалж жагслаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Тост, Тосон бумбын нуруунд явуулж буй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амийг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардсан тайван жагсаал Сүхбаатарын талбайд өнгөрсөн баасан гаригт /2019.08.09/ боллоо. Жагсаалд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, нийслэлийн иргэдээс гадна Өмнөговь аймгийн иргэд оролцлоо. Жагсаалд оролцогчдын зүгээс “Сауд гоби коэл транс” компани төдийгүй тус нурууны орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй уурхайн үйл ажиллагааг зогсоох шаардлагатайг онцолж байлаа. Тост, Тосон бумбын нуруу нь монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг юм. Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн 15 зүйлийн сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, долоон зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамал ургадаг байна.

Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюултай болсныг жагсаалд оролцож буй иргэд онцолж байлаа.

Уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор гол горхи ширгэж, мал, ан амьтан уух усгүй, малын бэлчээргүй болж буйг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд учирлаж байна.

Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосноос таван тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, гурван ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний нэг болох “Сауд гоби коэл транс” компани хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй юм. Тус компанийн уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор гол горхи ширгэж, мал, ан амьтан уух усгүй, малын бэлчээргүй болж буйг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд учирлаж байна.

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн Ч.Цогтбаатар “Өмнөговь аймагт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас иргэдэд үлдэж байгаа үр ашиг нь муу байдаг. Харин ч уул уурхайн компаниуд байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. “Сауд гоби коэл транс” компани үндэстэн дамнасан Айвенхоу Майнз корпорацад хулхидуулсан. Тэр хохирлоо Б.Чойжилсүрэн гишүүн Айвенхоу Майнз корпорацын эзэн Фрийдландаас авах хэрэгтэй. Монгол нутгийн эзэд нь өөрсдөө ядуу, эрх мэдэлгүй байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд иргэдэд ашиг ирдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр тийм зүйл алга. Гурван тэс сумын иргэдийн амьдрал сайжирсангүй. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй компаниудтай бид хатуу тэмцэнэ” гэлээ.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн төлөөлөл “Тост, Тосон бумбын нурууны орчимд “Сауд гоби коэл транс” компани уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар Б.Чойжилсүрэн гишүүнд л ашигтай. Түүнээс нутгийн иргэдэд ямар ч ашиг шим хүртэхгүй. Харин ч уух ундны усгүй болж байна. Байгаль орчин сүйдэж, ан амьтан үхэж үрэгдэж байна. Гурван тэс сумын иргэд уул уурхайн компаниудад ажилд ордог. Нэг сайхан уул уурхайн компанид ажилд орлоо гэж өөрсдийгөө ойлгодог ч хамгийн бага цалинг авдаг. Гурван тэс сумаас уул уурхайн компанид өндөр цалинтай инженер техникийн ажилд орсон нэг ч хүн байхгүй” гэдэг мэдээллийг өглөө.

Орон нутгийн иргэд төдийгүй, Өмнөговь аймгийн удирдлагууд Тост, Тосон бумбын нурууны орчимд “Сауд Гоби Коэл Транс” компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж буйг эсэргүүцэж, олон нийтийн саналыг дэмжиж иржээ. Тухайлбал, “Сауд Гоби Коэл Транс” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ,  Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн зүгээс Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт шаардлага хүргүүлээд байсан юм. Дээрх шаардлагыг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хүлээн авч, хууль бус уурхайн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна. Ийнхүү орон нутгийн удирдлагууд “Сауд Гоби Коэл Транс” компанийн үйл ажиллагааг хатуу эсэргүүцэж байхад, үл тоомсорлож байгаа тул Сүхбаатарын талбайд жагсаж буй нь энэ юм. Тост, Тосон бумбын нуруунд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг зогсоож, бид жишиг тогтоох ёстой гэдгийг жагсагчид хэлж байв. 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн Н.Чулуундорж “Монгол орон 3.2 сая хүнтэй. Бид эх орноо хайрлан хамгаалах ёстой. Би дээрх 3.2 хүнийг төлөөллийн хувьд Баянхонгор аймгаас хүрэлцэн ирлээ. Дэлхийд 3000 гаруйхан цоохор ирвэс бий. Түүний 1000 орчим нь Монгол Улсад байдаг. Үүний ихэнх нь Тостын нуруунд амьдардаг. Тийм учраас бид өнөөдөр энэ хайрхныг хайрлан хамгаалах ёстой. Б.Чойжилсүрэн гишүүнээ та өнөөдөр Тост тосон бумбын нуруунаас савраа татна уу. Тостын нуруунд үйл ажиллагаа явуулж буй компаниа татан буулга. Хэрэв уурхайгаа татан буулгахгүй бол говийнхон тэмээгээ унаад, дэнзэн ташуураа бариад хүрээд ирээчээ. Сүхбаатарын талбай дээр ирж тэмээтэйгээ жагсах хэрэгтэй” гэж байлаа.

Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАХЫГ ШААРДЛАА

Жагсагчид Тост, Тосон бумбын нуруунд явуулж буй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох тэмцэл өрнүүлж буйгаас гадна ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амийг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардсан юм. Энэ хэрэг гарснаас хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн ч хэргийг үнэн зөв тогтоогоогүй, цагдаагийн байгууллага хариуцлагагүй хандсан гэж жагсагчид үзэж буйгаа илэрхийлж байлаа.

Ард түмний онц түр зөвлөлийн тэргүүн Д.Цогтбаатар “Тост, Тосон бумбын нурууг хамгаалж байсан биологич залуу амиа алдсан. Тэр хэргийг өнөөдөр дахин шалгаж илрүүлэх ёстой. Залуучууд өнөөдөр гэртээ хэвтээд баймааргүй байна. Өмнөговийнхоо газар нутгийг, Монгол орныхоо газар  нутгийг хамгаалахын төлөө бид тэмцэх хэрэгтэй. Жагсаалд нэгдэх ёстой. Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Ховор ан амьтан устаж үгүй болох аюулд орсон. Тийм учраас Тостын нуруунд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. Үүний төлөө олон нийт тэмцэх хэрэгтэй.

Тост, Тосон бумбын нурууны орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй нь ганцхан тус аймаг, орон нутгийн асуудал биш юм. Аль ч нутгийн хүн байсан санаа тавих цаг болжээ. Би өөрөө зүүн хязгаар нутгийн хүн. Гэхдээ аль ч газар нутгаа хамгаалахгүй бол болохгүй юм байна. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйлдэл үнэхээр газар авчээ. Иймд газар нутаг, уул усаа хамгаалах хэрэгтэй байна. Хуулиа баримталж ажиллах шаардлагатай” гэж байлаа.

Ирвэс хамгаалагч Т.Лхагва­сүмбэрэлийн амийг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг улсын хамгаалалтад авахыг дэмжиж жагсаалын үеэр 400 гаруй иргэд гарын үсэг зурсан байна. Дээрх гарын үсэг зурсан иргэдийн олонх нь Өмнөговь аймгийн болон Гурван тэс сумын иргэд байв. Жагсаалд оролцогчдын санал, гарын үсэг зурсан уриалгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газарт өнөөдөр хүргүүлэх ажээ. Ийнхүү жагсагчид биологич Т.Лхагвасүмбэрэлийн агсны амийг нэхэж, Тост, Тосон бумбын нуруугаа хамгаалж жагслаа. 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.96) 2019 оны 08 сарын 30

нэхэх зөв шүү биш. утасны х нь бичлэг байсан муудалцаад байдаг. албал ал та нар хэзээд баригдана айхгүй байна. гэж байсандаа амиг нь нэхэх зөв. чойгиин хүмүүс алсан байх. чой над хамагүй зарсан гэсэн байж өхөн олговор авна гэж тэнэгтээд байсан зурагтаар. худлаа их яридаг байна

0  |  0
sandagdorj (185.189.114.74) 2019 оны 08 сарын 12

bitgii taliigaachin neriig barij olon ym olnhold ta nar ene jagsaad bga garuud ch bas sxan mungu amandaa zihuulsen uu ta nar

0  |  0
CHIMEGEE(185.93.183.28) 2019 оны 08 сарын 12

Beldsen jujig l boloo bzde jagsaal yag monuu ?

0  |  0
Baatarjav(85.204.124.176) 2019 оны 08 сарын 12

Хайран залуугын үхлээр ажилаа явуулахаа болиочээ ичдэггүй юм бэ яасан !

0  |  0
surenjav(109.232.240.11) 2019 оны 08 сарын 12

Hairan zaluugiin uhleer showdahaa zogsooogooroi nowshnuudaa nas barsan bhad n aavaas n oor hun ywj baisniig sanahguin baina odoo genet l buzar uildee neriig n holbogduulj showdmaar sanagdsanuu hudalch buzar nowshnuudaa

0  |  0
bayr(5.101.100.46) 2019 оны 08 сарын 12

Ter ued n yuch helj chadagui bj odo inghe bolimoor ym

0  |  0
Иргэн(194.187.251.177) 2019 оны 08 сарын 12

Төрийн хатуу нүүрийг үзүүлэх хүмүүстэй үзүүлэлдээ, хэзээ хойно нь дэвэрсэн асуудал болгочихоод том том юм ярьцгаах юм. Анхнаас нь тэр ажилаа сайн хийцгээлдээ ард нь бас хэсэг бүлэг хүмүүс айл гэр бүлүүд ажил амьдралаараа хохирч байгаа гэдгийг мэдмээр л юм. Дандаа борооны араас цув нөмөрцгөөнө.

0  |  0
Иргэн(194.187.251.177) 2019 оны 08 сарын 12

Аливаа ажлын эхлэлийг явагдаж буй ажлын эцсийг үзэж эхлэнэ ингэж ажил эхлүүлэхгүй ээ, ажилааа хиймээр байвал эхнээс нь л хийж бай. Иймэрхүү системийн ард үргэлж ар гэр албан байгууллага хохирч байдаг юм.

1  |  0
Top