Албан бус эдийн засагчдын арга зүйн сургалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

МҮЭ-ийн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран зохион байгуулж буй “Албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулах болон хамтын хэлэлцээр” сэдэвт сургалт өнөөдөр /2019.8.27/ боллоо.  

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны тогтвортой хөгжлийн зорилтод туссан ҮЭ-ийн гишүүнчлэлийг жил бүр долоон хувь нэмэгдүүлэх ажлын хүрээнд Албан бус салбарын хөдөлмөр эхлэгчдийг зохион байгуулалтад оруулах, тэдний өмнө тулгамдаж буй хөдөлмөрийн харилцааг зохицуулахад энэхүү сургалтын ач холбогдол өндөр байгааг дурдаад сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв. 
 

Мөн сургалтын үеэр ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны ажилчдын сургалт хариуцсан бүсийн мэргэжилтэн Ан Пон Сул "Албан бус эдийн засаг тухайн  улсын эдийн засагт ихээхэн нөлөөлж байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 61 хувь буюу хоёр орчим тэрбум хүн энэ салбарт хөдөлмөр эрхэлж байна. Улс орон бүрийн хөдөлмөр эрхлэгчдийн аж байдлаас шалтгаалж эдийн засаг дахь өөрчлөлтүүд өөр өөр байдаг боловч албан бус эдийн засагт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин сайтар бүрдээгүй байна. Энэ салбарын хүмүүсийг Үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад оруулах нийгмийн даатгалд хамруулах нийгмийн хамгааллыг сайжруулах ажил чухлаар тавигдаж байна. Өнөөдөр энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа МҮЭ-ийн холбооныхонд талархах илэрхийлье. Хэдийгээр ҮЭ-ийн гишүүнчлэл нэмэгдэх нь ҮЭ-ийн үйл ажиллагаанд ашиг тустай боловч угтаа албан бус салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалах хамгийн чухал ажил юм. Саяхан болсон ОУХБ-ын 108 дугаар Бага хурлын үеэр Албан бус эдийн засгаас албан эдийн засагт шилжих 204 дүгээр зөвлөмжийг баталсан. ҮЭ-ийн байгууллагын дуу хоолой хүчтэй байх тусам ОУХБ-ын төлөөлөл тэр хэрээр хүчтэй байх болно" гэлээ. 
 

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Адъяа "Манай Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалаллын хууль тогтоомжид хэрхэн хамруулж эрх ашгийг нь хамгаалах, зөвхөн албан салбар, том үйлдвэр, төсвийн байгууллагын ажилчдын эрх ашгийн асуудлыг л хөндөж болохгүй. 2018 оны эцсийн байдлаар 218 мянга гаруй хүн албан бусаар ажиллаж байна гэсэн судалгаа бий. Эдгээр хүмүүс яагаад албан бусаар ажиллаад байна вэ гэвэл Монголд засаглалын хөгжил сул байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрлэл, нийгмийн хамгааллын хөгжил аль улс оронд доогуур байна иргэд нь өөрөө ажлын байр олох, амьжиргаагаа залгуулах нөхцөл байдалд ордог. Үүнийг нийтлэг хэллэгээр засаглал муу улс орон гэж нэрлэдэг. Засаглалын хүрээг сайжруулахад иргэний нийгмийн хүчтэй дуу хоолой хэрэгтэй. Албан бус эдийн засагт ажиллаж байгаа хүмүүс нэгдэж эрх ашгаа илэрхийлэх, төрөөс тодорхой хэмжээний ажлын байр, нийгмийн хамгааллын арга хэмжээг хүсэх дуу хоолой сул. Өөрөө өөртөө амьжиргаагаа залгуулдаг, нөгөө талаас гэр бүл, улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байдаг энэ хүмүүсийг бид ямар нэгэн хамгаалалтгүйгээр орхих боломжгүй. Өнөөдөр Монгол Улс дэлхийн хэмжээний зорилт болох тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж байгаа. Тогтвортой хөгжлийн зорилтын хамгийн гол зүйл бол хөгжлийн ард нэг ч хүн хоцрох ёсгүй гэсэн уриатай. Үндсэндээ 200 гаруй мянган хүмүүс хамгаалалтын гадна байна гэсэн үг. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ази номхон далайн бүсийн байгууллага, хөгжиж буй орнуудын төлөөллийг оролцуулаад албан бус салбарт ажиллагсдыг хэрхэн зохион байгуулалтад оруулах вэ гэдэг талаас сургалт явуулж байна" гэсэн юм.

Сургалтад Хэнтий, Говь сүмбэр, Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо, Жижиг дунд худалдаа үйлчилгээ аялал жуулчлал, албан бус хэвшлийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хүнс хөдөө аж ахуй, Байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбоо, Нэгдмэл ҮЭ-ийн холбоо, Барилгачдын ҮЭ-ийн, Тээвэр холбоо  Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Үйлдвэрлэл ҮЭ-ийн холбооны албан бус салбарын ажилчдын төлөөлөл  болсон 50 гаруй хүн оролцож байна.

Тус сургалтын зорилго нь Албан бус салбар дахь ҮЭ-ийн гишүүд, ажиллагчдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжих чиглэлээр МҮЭХ, түүний гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, багш арга зүйчид, зохион байгуулагчдын сургалт зохион байгуулах арга зүй, чадавхыг нэмэгдүүлэх аж.

 Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус сургалтын эхний өдөр “Монгол Улс дахь албан бус эдийн засаг, ажиллагчдын эрхийн өнөөгийн байдал” МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, “Албан бус эдийн засгаас албан эдийн засагт хэлбэрт шилжих шилжилтийн тухай ОУХБ-ын 204 дүгээр зөвлөмж” ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны ажилчдын сургалт хариуцсан бүсийн мэргэжилтэн  Ан Пон Сул, “Олон улсын гэрийн үйлчилгээний ажилчдын холбооны туршлага, зохион байгуулах чиглэлээр явуулсан үйл ажиллагаа, стратеги, сургамж” Олон улсын гэрийн үйлчилгээний ажилчдын ҮЭ-ийн холбооны бүсийн зохицуулагч Фиш Ир, “Балбын ҮЭ-ийн холбооны зохион байгуулах чиглэлээр явуулсан үйл ажиллагаа, стратеги, сургамж, туршлага” зэрэг сэдвээр Балбын ҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Рамеш Вадал, нар тус тус  илтгэл тавьж оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авч хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top