2019 он гарснаас хойш эхний найман сарын байдлаар гурван төрлийн эх үүсвэрээс нийт 4000 зээлдэгчдэд 283 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоод байна. Тодруулбал, Монголбанк өөрийн эзэмшилд байгаа бондын орлогоос хэтрүүлэхгүйгээр сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг, харин банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр олгож буй аж. Үндсэндээ, энэ онд дээрх гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг тогтмол ипотекийн зээлд зориулан олгож байгаа бөгөөд 2019 онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна гэсэн мэдээллийг Монголбанкнаас өгч байгаа юм.
Цаашид орон сууцны ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт нэмэгдэх үү гэдэг асуултад “Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан цагаас буюу 2017 оноос эхлэн Монголбанкийг төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг бүрэн зогсоох, Засгийн газарт бүрэн шилжүүлэх шаардлагыг тавьж ирсэн. Харин Монголбанкны хувьд ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэж хоёр жил гаруй санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож байгаа. 2019 оныг дуустал Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсан. Энэхүү шаардлагын дагуу 2019 он дуустал өмнө нь дурдсанчлан Монголбанкнаас зөвхөн өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын орлогоос санхүүжүүлнэ. Энэ хугацаанд хийгдсэн томоохон өөрчлөлт бол банкуудын эх үүсвэрийг нэмж оруулсан явдал юм. Тиймдээ ч энэ жилийн нийт санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэн. Цаашид, тодорхой хэлбэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газраас улсын төсөвт тусгасан дүнгээр, банкууд өөрийн эх үүсвэрээр хөтөлбөрийг санхүүжүүлнэ” гэсэн мэдээллийг өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )