Төсвийн орлогын 80.9 хувийг татварын орлого эзэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр зургаан их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 535.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны долоодугаар сард 1134.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 186.1 тэрбум төгрөг буюу 19.6 хувиар өсөж, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 791.5 тэрбум төгрөг болж, 110.9 тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлого  оны эхний долоон сард 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 982.9 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 357.9 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 238.9 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 143.4  тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 97.8 тэрбум төгрөг, онцгой албан татвар 91.3 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 72.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 80.9 хувийг татварын орлого, 8.1 хувийг татварын бус орлого, 10.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.5 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэллээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ  оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 738.9 тэрбум төгрөгөөр өсөхөд урсгал зардал 504.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 306.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.  Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 82.1 хувь, хөрөнгийн зардал 15.8 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.1 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top