Ирэх зургаан сард ҮНЭ ӨСНӨ гэсэн хүлээлт давамгайлж байна

2019 оны 09 сарын 02



Хэрэглэгчийн итгэлийн индексийг тодорхойлох судалгаанаас харахад энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ирэх зургаан  сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж байна. Хэрэглэгчдийн 57.4 хувь нь ийм хүлээлттэй байгаа бол 18.4 хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” гэж үзжээ. Харин хэрэглэгчдийн 17.8 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан байна.  2018 оны дөрөвдүгээр  улиралтай харьцуулахад “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлттэй иргэдийн хувь долоон пунктээр буурсан бол “хэвэндээ”, буурна,  “мэдэхгүй” гэж хариулсан иргэдийн хувь бага зэрэг өсжээ.

Ирэх нэг жилийн хугацаанд “үнийн ерөнхий түвшин өснө”, мөн “үнийн ерөнхий түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэсэн хариултууд хамгийн өндөр буюу тус бүр 60.1 болон 18 хувь байна.

Мөн  нэг жилийн хугацаанд үнийн түвшин “өснө”, “хэвэндээ” байна гэж хүлээж буй иргэдийн хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 болон таван пунктээр тус тус буурсан бол үнийн түвшин “буурна”, “мэдэхгүй” гэж хариулсан иргэдийн хувь 1.7 болон 4.4 пунктээр тус тус өсжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр  хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.8 хувь, өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувь (мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 29.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.2 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 10.8 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны  долоодугаар сард өмнөх оны эцсээс 4.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.9 хувь (мах, махан бүтээгдэхүүн 38.7 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны долоодугаар сард өмнөх сараас 0.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.8 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 1.5 хувь), тээврийн бүлгийн үнэ 0.4 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2019 оны долоодугаар сард өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны эцсээс 5.3 хувь, өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өсөөд байна. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 10.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 15.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ гурван хувиар өссөн нь голлон нөлөө үзүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top