Банкуудын хөрөнгийн ШАЛГАЛТААС ам.долларын урсгал хаачих нь хамаарна

2019 оны 09 сарын 02

Дэлхийн банкнаас манай бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг өнгөрсөн долоодугаар сард баталснаар доноруудаас ирэх  ам.долларын түгжигдээд байсан суваг тодорхой хэмжээнд нээгдсэн гэж болно. Энэ онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донор орнуудаас  840 сая ам.долларын эх үүсвэр манайд орж ирэх тооцоололтой ч санхүүжилт гацсан байр байдалтай байсан юм.

ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших улирал тутмын буюу зургаа дахь шатны үнэлгээг ОУВС-гийн ажлын хэсэг  өнгөрсөн оны  арваннэгдүгээр сард хийгээд буцсанаас хойш санхүүжилтийн урсгал зогссон нь хөтөлбөрийн хүрээнд биднийг гэрийн даалгавраа гүйцэд сайн хий гэсэн шахалт юм. Тухайлбал, банкны салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний бүрэн дүүрэн зураглал бэлэн болоогүйтэй холбоотой. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн.

Тэгвэл банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж нягтлах ёстой гэсэн  хатуу байр суурийг ОУВС-гаас илэрхийлсэн тул бид дүрмээс гажих боломжгүй. Тиймээс ч банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг магадлан баталгаажуулах шалгалт хийгдэж байна. Монголбанкнаас уг шалгалтыг  “Duff and Phelps” компанийг сонгон шалгаруулан зөвлөх компаниар ажиллуулж байна. Магадлан баталгаажуулах ажил  энэ оны зургаадугаар сард эхэлсэн. Одоо эцэслэх шатандаа явж байна гэсэн мэдээллийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан өгч байна.

Уг нь шалгалтын үр дүнг наймдугаар  сарын 16-ны өдөр урьдчилсан байдлаар гаргахаар төлөвлөн ажилласан ч шалгалтын цар хүрээ, үзэж харах баримт материалын хэмжээнээс шалтгаалан тайлан гаргах хугацаа нь бага зэрэг хойшлогдох төлөвтэй болсон гэв. Монголбанк болон ОУВС-гийн хувьд шалгалтыг чанартай, мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхээр зорьж байгаа тул шалгалтыг тодорхой хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Монголын арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж, нягталсан дүн тодорхой болсноор Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх хүлээлттэй санхүүжилтийн урсгал бүрэн наашлах нөхцөл бүрдэхээр байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(175.13.98.230) 2019 оны 09 сарын 03

Их хэмжээгээр зах зээлд доллар нийлүүлж ханшийг нь унагах хэрэгтэй. Долларын ханш өндөр байх нь долларын хадгаламжтай олигарх, луйварчдад ашигтай. Монголын ард түмэнд ашиггүй шүү дээ.

0  |  0
Top