Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Сентеррагоулд монголия” ХХК-ийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон шийдвэрийг өчигдөр /2019.09.10/ гаргалаа. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэлээ.
Тус шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, мөн Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Сентеррагоулд монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “Сентеррагоулд монголия” ХХК-ийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн байна.
Тодотгоход, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон. Тэгэхээр энэ асуудал засгийн түвшинд хэлэлцэгдэх хүлээлттэй байна.
АМГТХЭГ-ын хуулийн хэлтсийн дарга Р.Энхтайван өчигдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцох үеэрээ "Яахав, Ерөнхий сайд өчигдөр Ноён уулыг бүхэлд нь хамгаалалтад авна гээд хэлчихнэ лээ. Одоогоор бидэнд хэлсэн, мэдэгдсэн юм алга. Ямар ч шийдвэр бичгээр ирээгүй. Ерөнхий сайдын үг нь дээд түвшинд хэлэлцэгдэж байж, Засгийн газраар хэлэлцэгдэж байж шийдвэр болно..." гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Ер нь бол Ноён уулан дахь өвтэй холбогдох асуудлыг анзаарах, санах ёстой төр засгийн байгууллагууд өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэлх арваннэгэн сарын хугацаанд таг чимээгүй байсан. УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэс Монгол” компани зэрэг засгийн холбогдох байгууллагууд Ноён уулын орчим дахь Гацуурт ордыг наймаалцсантай зэрэгцэн яригдах ёстой төрийн хувь хэмжээ, эрх мэдлийн талаар дуугарахаас татгалзаж байсан. Тэгвэл Ерөнхий сайд холбогдох сайд, дарга нарт үүрэг өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )