Шинжлэх ухааны утгагүй нээлтийн эзэд Игнобелийн шагнал хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Хүүхдийн амны хөндийд ялгарах шүлсний хэмжээг болон ямар мөнгөн тэмдэгт нянг илүү хялбар дамжуулдгийг судалсан эрдэмтэд шинжлэх ухааны утгагүй амжилт, ер бусын санаанд олгодог Игнобелийн шагналыг хүртжээ. 29 дэх удаагийн Игнобелийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Харвардын их сургуульд боллоо.

Химийн салбарт Игнобелийн шагналыг таван настай хүүхдийн амны хөндийд өдөрт дунджаар хагас литр орчим шүлс ялгардгийг тогтоосон япон эрдэмтдийн баг хүртсэн бол эдийн засгийн салбарт ямар мөнгөн дэвсгэртийн тусламжтайгаар нянг илүү хялбар тараах боломжтойг судалсан турк, нидерланд, герман эрдэмтэд тус шагналыг авчээ. Тэдний үзэж буйгаар, ам.доллар, румыны лей хамгийн аюултай мөнгөн дэвсгэрт гэнэ.

Техникийн салбарт Ираны зохион бүтээгч Игнобелийн шагнал хүртжээ. Тэрбээр хүүхдийн живхийг солих төхөөрөмж зохион бүтээсэн байна. Зохион бүтээгч шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр хүрэлцэн очиж чадаагүй ч видео мэндчилгээ ирүүлсэн байна.

Эрүүл мэндийн салбарт Итали улсын иргэн Сильвано Галлус шагнал хүртжээ. Тэрбээр пицца идэх нь зарим төрлийн өвчинтэй тэмцэхэд тустай гэдгийг нотлохыг оролдсон байна. Гэхдээ, эрдэмтдийн үзэж буйгаар, зөвхөн Италид хийсэн пицца чухал аж.

Энх тайвны Игнобелийн шагналыг Их Британи, Саудын Араб, АНУ, Сингапурын эрдэмтэд авчээ. Тэд маажих, гижигдэх нь хүнд тааламжтай мэдрэмж төрүүлдэг эсэхийг тогтоохыг оролдсон байна.

Антинобелийн шагнал гэгддэг Игнобелийн шагналыг эхэндээ инээдэм төрүүлдэг ч хожим нь бодож, тунгаахад хүргэдэг амжилт, ер бусын санаанд олгодог. Игнобелийн шагналыг 1991 онд “Итгэмээргүй судалгааны хураангуй” сэтгүүл бий болгожээ. 1999 оноос эхлэн шагналыг 10 салбарт олгодог болсон байна. Игнобелийн шагналыг үе үеийн Нобелийн шагналтнууд гардуулдаг уламжлалтай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top