Дэлхийн банкны 100 сая ам.долларын санхүүжилтийн  гэрээг үзэглэлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Дэлхийн банкнаас манай улсын бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны 100 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж баталлаа. Уг хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай /ОУВС/ хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон олгож буй төсвийн дэмжлэг юм. Тус Хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 120 сая ам.долларын төсвийн дэмжлэг 2017 оны  арванхоёрдугаар сард улсын төсөвт орж ирсэн бол хоёр дахь шатны төсвийн дэмжлэг болох 100 сая ам.долларыг Дэлхийн банк болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлж байна.

Хөтөлбөрийн хоёр дахь үе шатны санхүүжилт нь төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийн зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэлбэр, бүтцийг сайжруулах замаар худалдан авах чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Мөн нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлэгт илүү, оновчтой чиглүүлэх замаар эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийг дэмжих зэрэг бизнес, худалдааны орчныг сайжруулах арга хэмжээ болон малын эрүүл мэндийн удирдлагыг дэмжих замаар эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход анхаарч байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас орж ирэх ёстой санхүүжилт зогсонги байдалтай байсан билээ. Тэгвэл одоо нааштай мэдээллүүд байгаа юм. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 700 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгааг Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин өнгөрсөн долоо хоногт дуулгасан. Дээр дурдсан Дэлхийн банкны 100 сая ам.долларын санхүүжилтээс гадна  ЖАЙКА-гаас  280 сая ам.доллар орж ирэхээр болжээ. Мөн Азийн хөгжлийн банкнаас 300 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирвэл манай улсын гадаад валютын албан нөөц 700 сая ам.доллароор өснө гэсэн үг юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top