Монгол Улсын гурван сая иргэнд “Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол 2012 оны зургаадугаарын сарын 25-ны өдөр батлагдаж байв. УИХ-ын сонгуулийн яг өмнө гарсан уг шийдвэр иргэдэд эдийн засгийн утгаараа үр өгөөж өгөлгүй долоо дахь жилтэйгээ золгож байна.
Тэгвэл төв талбайд болж буй Засгийн газрын нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага оролцох үеэрээ “2030 онд Монгол Улсын хүн амын тоо 5 саяд хүрнэ гэж тооцож үзээд таван сая ширхэг хүртэлх давуу эрхийг хувьцааг гаргахаар шийдвэрлэсэн. Энэ нь борлуулдаггүй, өвлүүлдэггүй, шилжүүлдэггүй хувьцаа байна” хэмээн мэдэгдлээ. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч стратегийн ач холбогдол бүхий 16 ордын үр ашгийг хүртэнэ гэж П.Ганхүү захирал өмнө нь мэдэгдэж байсан.
Давуу эрхийн хувьцааны онцлог нь Монгол Улсын иргэд Засгийн газар, хувь нийлүүлэгчдээс түрүүлж ногдол ашгаа хүртэх боломжийг бүрдүүлнэ гээд байдаг. “Эрдэнэс Монгол” компани нь 100 сая ширхэг энгийн, гурван сая ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр давуу эрхийн хувьцааг нэмж таван сая болгох шийдвэр удахгүй ажил хэрэг болох бололтой.
Тодотгоход, давуу эрхийн хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлах нь хуулиар хориотой. Мөн тухайн хүн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд давуу эрхийн хувьцаа эзэмших эрх нь дуусгавар болох юм.
Сэтгэгдэл ( 0 )